Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Түүхийг хамтдаа бүтээцгээе” зүүний хүчнүүдийн эвслээс нэр дэвшсэн Андрес Мануэль Лопес Обрадор ялжээ. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сард үүрэгт ажилдаа орно. Сонгуулийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр тэрбээр хамгийн ойрын өрсөлдөгчөөс 30 хувиар илүү санал авч, Төрийн тэргүүний сонгуульд итгэлтэй яллаа. Лопес Обрадор ялсныг ажиглагчид түүхэн хэмээн онцолж байна. Урьд нь Мексикт зүүний үзэл санааг баримталдаг хүн санал хураалтын дүнгээр өндөр албан тушаал хашиж байсан удаагүй юм.
Мексик улс бүс нутгийнхаа олонх улсын адил үл ойлголцол дунд байсаар буйг сонгуулийн дүн нотолж байна. Хэдхэн жилийн өмнө Өмнөд Америкт тухайлбал, Венесуэлд Уго Чавес, Бразилд Луис Инасиу Лула да Силва, Чилид Мишель Бачелет, Эквадорт Рафаэль Корреа, Никарагуад Даниэль Ортега, Аргентинд Нестор болон Кристина Киршнерийн гэр бүл зэрэг зүүний улстөрч амжилт олж, сонгуулийн өрсөлдөөнд илт давуугаар ялж байв. Энэ үед мексикчүүд барууны хүчнүүдийн төлөөлөгчдөд саналаа өгч, Лопес Обрадор хоёр ч удаа Ерөнхийлөгчийн сонгуульд илүү хуучинсаг үзэлт нэр дэвшигчдэд ялагдсан. Одоо Өмнөд Америкийн бүс нутагт барууны эргэлт гэгчийн тухай их ярьж байна. Дээр дурдсан орнуудын олонход зүүнийхэн нэг бол байр сууриа алдаж, нөгөө бол нийгэм, улс төрийн ноцтой асуудлуудтай тулгарах болжээ.
Харин одоо тогтсон чиг хандлагын эсрэг Мексик улс Ерөнхийлөгчөөрөө зүүний үзэл баримтлалыг хамгийн тууштай дагагчдын нэгийг сонголоо. Болсон үйл явдлыг хэрхэн тайлбарлах вэ? Хөгжлийн онцгой арга зам байв уу, эсвэл социализмын түүхэн ялалт болов уу? Аль нь ч биш гэдэг нь хамгийн оновчтой хариулт гэнэ.
ЭЛИТҮҮДИЙН ЭСРЭГ
“Тэрбээр коммунист төдийгүй популист. Энэ хамаагүй дор юм” гэж Лопес Обрадорыг эсэргүүцэгчдийн нэг дурджээ. “Одоо л бид өөрчлөлт хийх боломжтой болж байна” гэж сонгуулийн дүн гарсны дараа сонгогдсон Ерөнхийлөгчийг дэмжигч баярлав. Энэ хоёр хүний хоёулангийнх нь зөв. Мексикийн ирээдүйн удирдагч сонгогчдынхоо сонсохыг хүссэнийг л хэлсэн. Урьд нь энэ тухай төрийн дээд албан тушаалд нэр дэвшсэн нэг ч хүн дурдаагүй.
Лопес Обрадорын өрсөлдөгчид авлига, нийгмийн тэгш бус байдалтай тэмцэх хийсвэр аргуудыг амлаж байсан бол сонгуулийн өрсөлдөөнд ялагч өөрийнхөө цалинг хоёр дахин багасгаж, Ерөнхийлөгчийн үнэтэй нисэх онгоцыг худалдаж, тансаг өргөөнөөс татгалзахаа амласан. Амласандаа ч эхнээсээ хүрч одоогийн Ерөнхийлөгчөөс 40 хувиар бага цалинтай байхаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. Тодруулбал, 270 мянган песо буюу 14 200 ам.долларын оронд 5700 “ногооны” цалинтай байх аж. Тус улсын одоогийн Төрийн тэргүүн Энрике Пенья Ньето тав тухаа хангах дуртайгийнхаа улмаас шүүмжлэлд нэг бус удаа өртөж байсан учир Лопес Обрадорын бэлгэдлийн төдий боловч тодорхой саналууд нь сонгогчдын зүрх сэтгэлд хүрчээ. Харин энэ тохиолдолд баримталдаг үзэл суртал нь хоёрдугаарт тавигдсан аж.
Лопес Обрадор улсынхаа төрийн эрхэнд өнгөрсөн арван жилийн турш байсан улс төрийн уламжлалт хүчнүүд өөрсдийгөө хүн амынхаа нүдэн дээр илэрхий унагаж буй баримтыг зөв ашиглаж чаджээ. Тэд нийгмийн аюулгүй байдлыг хангах, нийгэмд шударга ёсыг сэргээх амлалтаа биелүүлж чадаагүй. Сонгуульд ялагч 2000-2005 онд Мексикийн нийслэлийг удирдаж байсан бөгөөд улс төрийн элитүүдийг эрс эсэргүүцэгч болохоо харуулжээ. Чухам тийм учраас түүний мөрийн хөтөлбөр сонгогчдын итгэлийг илүүтэй хүлээжээ.
...Улс төрийн элитүүдийн эсрэг өөрийгөө тавьж, харьцуулах аргаар үзэл санаа нэгтнүүдээ эрж хайдгаар нь Лопес Обрадорыг хөрш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай адилтгадаг. Мексикийн шинэ удирдагчийг хэвлэлүүд нь улс төрийн үзэл бодол илэрхий өөр Цагаан ордны тэргүүнтэй нэг бус удаа харьцуулжээ...
Сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа турш Лопес Обрадорын дэвшүүлсэн гол уриануудын нэг нь “Юуны түрүүнд ядуусын сайн сайхны төлөө” юм. “Улс цөөнхөд үйлчилдэг байгууллага биш. Бид бүх хүнийг сонсож, бүгдэд тусалж, бүгдийг хүндэтгэнэ. Гэхдээ хамгийн их зовсон бөгөөд мартагдсан хүмүүсийг илүүтэй харж үзнэ” гэж улстөрч ярьж байв. Арван иргэнийх нь дөрөв нь үгээгүй ядуу амьдралтай тус улсад ийм мэдэгдэл анзаарагдахгүй өнгөрөхгүй.
ҮЛ ОЙЛГОЛЦОЛГҮЙ ХАНА
Улс төрийн элитүүдийн эсрэг өөрийгөө тавьж, харьцуулах аргаар үзэл санаа нэгтнүүдээ эрж хайдгаар нь Лопес Обрадорыг хөрш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай адилтгадаг. Мексикийн шинэ удирдагчийг хэвлэлүүд нь улс төрийн үзэл бодол илэрхий өөр Цагаан ордны тэргүүнтэй нэг бус удаа харьцуулжээ.
Цагаачдын цуваанд хатуу хяналт тавьж, Мексиктэй залгаа хил дагуу хана барихыг шаарддаг Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр эх орон нэгтнүүдийнхээ эрх ашгийг шийдвэртэй хамгаалахаа амласан. “Юуны түрүүнд Америк” гэсэн уриа нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад хүргэсэн. Лопес Обрадор мөн өөрийгөө аядуу үндсэрхэг үзэлтэн болохыг харуулсан. Тусгай байгууламж босгох замаар хөршөөсөө тусгаарлах гэсэн Вашингтоны төлөвлөгөөг тэрбээр эсэргүүцэж, мексикчүүдэд хүндэтгэлтэй хандахыг шаарджээ.
“АНУ-ын ард түмэн, Засгийн газартай найрамдалт харилцаатай байж, хамтран ажиллая. Хана барих, хилээ цэрэгжүүлэх, хүний эрх зөрчих замаар нийгмийн асуудлыг шийдэхгүй гэдгийг бид тэдэнд ойлгуулна” гэж Мексикийн шинэ Ерөнхийлөгч сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр хэлсэн байна.
Үзэл бодол, тавьсан зорилгын ялгаа Вашинг-тон, Мехико хоорондын хол хөндий байдлыг лавшруулмаар. Гэтэл сонгуульд ялсан Лопес Обрадорт хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүмүүсийн нэг нь Д.Трамп байжээ. Худалдааны тусдаа хэлэлцээр байгуулах боломжийн талаар Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч-тэй АНУ-ын Төрийн тэргүүн ярьсан нь хожим ил болсон. “Бидний хооронд сайхан яриа өрнөсөн. Хил, худалдаа, Чөлөөт худалдааны тухай Хойд Америкийн хэлэлцээр, тэрчлэн хоёр талын худалдааны тусдаа гэрээ байгуулах асуудлыг хэлэлцлээ” хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдээд, тэдний яриа хагас цаг үргэлжилснийг тэмдэглэжээ.
Хоёр орны удирдагчдын харилцаа их сайн байна гэдэгт итгэлтэй буйгаа ч Д.Трамп илэрхийлсэн гэнэ. Энэ таамаг хэрэгжих магадлалтайг АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Майкл Помпео өнгөрсөн долоо хоногт Мексикт айлчлахдаа тус улсын одоогийн удирдагчтай төдийгүй ирэх арванхоёрдугаар сард албан тушаалдаа орох Лопес Обрадортой уулзсанаар тайлбарлаж болох юм.
ОРОСЫН “ХӨНДЛӨНГИЙН ОРОЛЦОО”
Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг Цагаан ордны тэргүүнтэй бас нэг хүчин зүйл холбодог. Трампыг ч, Лопес Обрадорыг ч улс төрийн өрсөлдөгчид нь Москвагаас хууль бусаар дэмжлэг авч, залилсан хэмээн буруутгадаг. Мексикийн сонгуулийн үйл явцад Оросын ул мөр бий хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахаар ажиллаж байсан Герберт Макмастер өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Үүний дараа “Washington post” сонины сэтгүүлч Леон Краузе Москва, Лопес Обрадорын хооронд холбоо байж болохыг харгалзан үзэхийг уриалсан.
Орост испани хэлээр гардаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Лопес Обрадорт цөөнгүй материал зориулсан гэнэ. Гэхдээ тэдгээр материал Мексикийн сонин, интернэт мэдээллийн хуудсуудад ч гарчээ. Москвагийн нөлөө орсон тухай мэдэгдлүүд нь Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн нэр хүндэд нөлөөлөх гэсэн л оролдлого байсан. Түүний нэр хүндэд цуу яриа огт нөлөөлөхгүй болохоор аажимдаа замхарчээ. Санал хураахаас хэдхэн хоногийн өмнө Оросын хөндлөнгийн оролцооны тухай яриа хөндөгдөхөө больсон байна.
Гэсэн ч энэ түүх дараа нь хөндөгдөж болзошгүй. Мексикийн шинэ Ерөнхийлөгч ОХУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэвэл дээрх яриа хөндөгдөж мэдэх. Москватай хамтран ажиллахтай холбоотой дуулиан зохимлоор хөндөгдөхөөс сэргийлэхдээ Лопес Обрадор илүү болгоомжтой алхам хийхийг үгүйсгэхгүй.
ТЭРБЭЭР ЧАВЕС БИШ, ӨӨР ХҮН
Оросын “хөндлөнгийн оролцооны” тухай түүхээс гадна Лопес Обрадорын өрсөлдөгчид сонгуулийн өмнө кампанит ажлын үеэр бас нэг хөзөр хожихыг оролдсон. Ерөнхийлөгчийн албан тушаалд зүүний хүчнээс нэр дэвшигчийг улс орноо “шинэ Венесуэл” болгох гэж байна тэд нотолж байв. XXI зууны социализмын тал баримтлагчдын удирддаг, Өмнөд Америкийн тус улс одоо эдийн засаг, улс төрийн хурц хямралын үеийг туулж буй. Тиймээс улс төрийн хуучинсаг хүчнийхэн Лопес Обрадорыг сонгогдвол Мексикийг мөн тийм хувь заяатай болно хэмээн нотлохыг хичээж байв.
Гэвч “Түүхийг хамтдаа бүтээцгээе” эвслийн төлөөлөгч мэдэгдэл хийж, Мексикийн эдийн засгийн хөгжлийн замд саад хийх гэсэн хэт үзэлтнүүдийг дэмжихгүй байхыг уриалсан билээ. Хувийн өмчийг хураахгүй, хувийн эрх чөлөөг хүндэтгэж, татвар нэмэхгүй гэдгээ Лопес Обрадор амлажээ.
“Жинхэнэ ардчиллыг тогтоох зорилго бүхий шинэ төсөл хэрэгжүүлж, ил, далд хэлбэрээр дарангуйлал бий болгохгүй. Гүн гүнзгий өөрчлөлт хийхдээ тогтсон журмыг баримтална. Бизнес эрхлэх, үг хэлэх, хуран цуглах, шүтэж бишрэх эрхтэй, хувь хүний болон нийгмийн эрх чөлөөг, тэрчлэн Үндсэн хуульдаа заасны дагуу иргэний болон улс төр эрхийг хангана” хэмээн Лопес Обрадор сонгуулийн дараа ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дурдсан байна. Тэрбээр арванхоёрдугаар сарын 1-нд тангаргаа өргөөд, улс орноо 2024 он хүртэл удирдах юм.