Мексикийн үндэсний хоол буррито буюу манайхаар бол элдэж хайрсан бин дотор элдэв хачир хийж ороосон нэгэн төрлийн хоолыг хэн хамгийн хурдан идэх вэ гэсэн уралдаан олон оронд болдог. Гэхдээ Хонконгод зохион байгуулдаг нь илүү өргөн хүрээтэйгээрээ онцлог гэнэ. Бурритог хурдан идэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 19 хүн өрсөлдсөний хоёр нь эмэгтэй байжээ. Шинэ Зеландын оролцогч Миша Уэстон хэмээх залуу 3.29 минутад өгөгдсөн аварга том бурритог “цааш харуулан” аварга болжээ. Энэ жилийн өрсөлдөгч нар өнгөрсөн хоёр оны оролцогчдоос тун удаан байсан талаар зохион байгуулагч, Мексикийн алдарт тогооч, шүүгч ярьжээ. Хоёр жилийн өмнө аварга болсон нэг эр даалгавраа ердөө 1.52 минутад гүйцэтгэж байсан гэж тэрбээр онцолсон байна.