ОХУ-ын Буриадын БНУ-д нэгэн сонирхолтой шоу тэмцээн боллоо. Тус тэмцээний нэг шатны даалгавар нь гурван минутын дотор хамгийн жижиг буузыг чимхэх байсан бөгөөд түүнд Монгол, Буриадын гурван тогооч өрсөлдөхөд Улаан Үүд хотын нэгэн кафены ахлах тогооч түрүүлэв. Тэрбээр гурван миллиметрийн хэмжээтэй бууз чимхжээ. Ялагчийг тодруулахын тулд бичил буузуудыг дундуур нь хуваан, зохих орцууд байгаа эсэхийг нарийн шалгарахад буриад тогоочийн дээрх бууз нь хэмжээ болоод бусад шалгуурыг хангасан байжээ. Харин үлдсэн хоёр тогоочийн буузны хэмжээ 4 миллиметр байв.
Буриадууд аялал жуулчлалын долоо хоногийн арга хэмжээндээ зориулан монгол, буриад тогоочдыг оролцуулсан буузны шоу тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд түүний ерөнхий шүүгчээр нь Мишлений одын эзэн, Францын нэртэй шеф тогооч Мишель Луи Ленц ажиллажээ. Тэмцээний ялагчаар Буриадын баг тодорсон байна.