-Трампын оруулагчийг Конгресст дуудна-
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсаны дараах хэвлэлийн хурал дээр дуулиантай мэдэгдэл хийсэн нь Америкийн олон нийтийн дунд том маргаан үүсэх шалтгаан болоод байна. Тэрбээр Америкийн сонгууль дахь Оросын нөлөөллийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Би энэ сэдвээр ерөнхийлөгч Путинд тодорхой асуулт тавихад тэрбээр ямар ч оролцоо байгаагүй гэдгээ ойлгомжтой хэлсэн. Тиймээс Америкийн сонгуулийн дүнд Оросын тал нөлөөлсөн гэх шалтгааныг би олж харахгүй байна” хэмээн мэдэгдсэн нь Америкийн нөлөө бүхий улс төрчдийн дургүйцлийг хүргэжээ.
Тухайлбал, Нью-Хэмпшир мужаас сонгогдсон сенатор Жин Шахин, Ардчилсан намын томоохон зүтгэлтэн Билл Паскрел нар Путины үгэнд итгэн Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалтгах ажиллагааг илт шүүмжилсэн мэдэгдлийг Трамп хийсэнд сэтгэл ихэд дундуур байгаагаа илэрхийлж, энэ асуудлыг тодорхой болгох үүднээс нэгэн сонирхолтой саналыг дэвшүүллээ. Тэдний үзэж байгаагаар Трамп, Путины ганцаарчилсан уулзалтын гэрч болох орчуулагч Марина Гроссыг Конгрессийн нээлттэй сонсголд дуудан Трамп Оросын тэргүүнтэй юу ярьсан тухай асууж тодруулах ёстой гэнэ. Шахиний тодотгосноор, Трамп америкчуудын өмнөөс Путинд юу гэж амалсныг гагцхүү орчуулагч л хэлж өгч чадах ажээ.
Ноён Паскрелын ч гэсэн байр суурь ийм байгаа. Тэрбээр “Гросс бол Трамп, Путины ганцаарчилсан уулзалтад байлцсан цорын ганц америк гэрч. Тиймээс түүний үгийг сонсох ёстой” гэж захидалдаа тэмдэглэжээ. Ерөнхийлөгчөө хүчтэй шүүмжилж буй том улс төрчдийн нэг Жон Маккейн болохоор Трампын Хельсинкт хэлсэн дээрх үгийг ”Хамгийн гутамшигтай мэдэгдлийн нэг” хэмээн тодорхойлсон бол сенатор Крис ван Холлен “Орос улс Америкийн сонгуульд нөлөөлсөнийг нотлох баримтыг Конгресст танилцуулсан тагнуулчдынхаа үгэнд итгэхгүй, Путинд итгэнэ гэдэг солиорол юм” хэмээн шүүмжлэв.
Elitedaily-гийн мэдээлсэнээр Трамп Путинтай ганцаарчилан уулзахдаа туслахуудаа дагуулж яваагүй тул уулзалтын зарим хэсэг албан ёсны протоколд тусгагдаагүй үлдэх магадалтай ажээ. Ийм тохиолдолд, хоёр орны тэргүүн юун тухай ярилцсан, ямар ойлголцолд хүрсэн зэргийг мэдэх боломж бага байгаа гэнэ. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн болон улс төрчид орчуулагч Гроссын эрэлд мордоод байна.
Business Insider вэб сайтын мэдээлэлд дурдсанаар Марина Гросс Америкийн төрийн департаментэд ажилладаг бөгөөд орчуулагчийн олон жил туршлагатай гэнэ. Тэрбээр 2008 онд орчуулагчийн хувиар АНУ-ын тэргүүн хатагтай асан Лора Бушийг дагалдан Оросын Сочи хотод айлчилсан бол 2017 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсоныг дагалдан Москвад зочилж байжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дээд хэмжээний уулзалт өнгөрөгч даваа гарагт Финландын нийслэл Хельсинкт болсон. Хэлэлцээр хоёр үе шаттай болсон бөгөөд эхний шатанд хоёр орны тэргүүн ганцаарчилан уулзсан бол удаахи шатанд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээр хийсэн юм.
Хэлэлцээрт олон сэдэв хөндөгдсөний дотор цөмийн аюулгүй байдал, эдийн засаг, бүс нутгийн зөрчлүүд зэрэг багтжээ. Трамп, Путин хоёр уулзалтыг дүнгэж “Амжилттай, үр дүнтэй” хэмээн хэвлэлийн хурал дээр мэдэгдэж байлаа. Трамп дээрх дуулиант мэдэгдлийнхээ маргааш нь “Америкийн сонгуулийн дүнд Оросын тал нөлөөлөөгүй гэх шалтгааныг олж харахгүй байна гэсэн утгаар нь би хэлсэн” хэмээн тайлбарласан ч олон нийтийн уур амьсгалыг зөөлрүүлж чадаагүй байна.