АНУ-ын Конгрессын намрын сонгуулиар тус улсын Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, эсэх талаарх санал хураалт болно. Тодруулбал, уг сонгууль арваннэгдүгээр сарын 6-нд болох ч Америкийн улс төрийн амьдрал хэдийнэ энэ үйл явдалд төвлөрчээ. Өнөөдөр Бүгд найрамдах болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийг Алабама муж улсын оршин суугчид сонгох бөгөөд үүний дараа есдүгээр сарын дунд үе хүртэл АНУ-ын бүс нутгуудад долоо хоногт хэд хэдэн удаа сонгуулийн өмнөх сунгаа болох гэнэ. Эдгээр нь Ерөнхийлөгч Дональд Трампад итгэх итгэлийн шалгуур болох юм. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд Төрийн тэргүүний нам завсрын сонгуульд ердөө хоёр удаа л ялж байжээ. Эл статистикаас үзвэл бүгд найрамдахчууд ялбал Трампын хувьд том амжилт болно гэж Америкийн шинжээчид үзэж байна. Эс бөгөөс ардчилсан намынхан Ерөнхийлөгчид садаа болж, 2020 он хүртэл сонгуульд “Оросын хөндлөнгийн оролцоо”-ны тухай сэдвийг хөндсөөр байх юм. Бүгд найрамдах болон Ардчилсан нам доторх өрсөлдөөн өнгөрсөн хоёрдугаар сард эхэлжээ. Муж улсуудын талаас илүү хувь нь намрын сонгуульд оролцох төлөөлөгчөө хэдийнэ сонгосон байна. Өнөөдөр Алабама, долоо хоногийн дараа Жорж муж улсын сонгогчид нэр дэвшигчдээ тодорхойлно.
АНУ-д завсрын сонгуулийг Конгрессынх гэдэг бөгөөд Ерөнхийлөгчөө сонгосноос хоёр жилийн дараа болдог. Конгрессын гишүүдийг Төрийн тэргүүнээс олон удаа сонгох болдогтой холбоотойгоор завсрын гэсэн нэр томьёо ашигладаг байна. Тодруулбал, хоёр жил тутам тус улсын Төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ, Сенатын гуравны нэг нь шинэч лэгддэг байхад Ерөнхийлөгчийг дөрвөн жилд нэг удаа сонгодог. “Америкийн завсрын сонгуулиуд нь ихэнхдээ Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, эсэх талаарх санал хураалт болдог” гэж Виржинийн их сургуулийн Улс төрийн судалгааны төвийн шинжээч Кайли Кондик тайлбарлажээ. Тийнхүү арваннэгдүгээр сарын 6-нд америкчууд Конгрессынхоо Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг төдийгүй дээд танхимын гишүүдийн гуравны нэг хувь буюу 35 сенатчийг сонгодог ч үнэн хэрэгтээ Цагаан ордны тэргүүний ажлыг дүгнэх аж. Одоо бүгд найрамдахчууд Конгрессын хоёр танхимд олонх буй. Өөрөөр хэлбэл, Төлөөлөгчдийн танхимын 236 суудлыг тэд эзэлж байгаа бол ардчилсан намынхан 193 суудалтай, зургаан суудал “эзэнгүй”. Сенатад уг харьцаа 51 ба 47 байна. Хоёр сенатч бие даагч боловч хороод байгуулахад ардчилсан намынхантай нэгджээ. Бүгд найрамдах намынхан хоёр танхим дахь олонхын байр сууриа хадгална хэмээн найдаж байна. “Cook political report” байгууллагаас явуулсан санал асуулгаас үзвэл тэдэнд ялах магадлал бий. Гэхдээ хүчний хуваарилалт байнга өөрчлөгддөг. Тухайлбал, өнгөрсөн сарын дундуур Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд наад зах нь 210, Ардчилсан нам 201 суудал авахаар байв. 24 суудлын хувь заяа хараахан тодорхойгүй байжээ. Харин сарын дараа уг харьцаа тус компанийн судалгааны явцад ардчилсан намынхан руу эргэж, суудлын харьцаа 207 ба 192 болжээ.
Үүний зэрэгцээ сонгогчдын байр суурь өөрчлөгдөж, доод танхимын 36 суудалд хоёр намын боломж тэнцэж буй бөгөөд эдгээр суудлын төлөө өрсөлдөөн арваннэгдүгээр сард шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр байна. Сенатын сонгуулийг ч урьдчилан тааварлах аргагүй. “Cook political report” энэ сарын эхээр мэдээлснээс үзвэл завсрын сонгуульд бүгд найрамдахчууд доод тал нь 49, ардчилсан намынхан 44 суудал авах нь. Үлдсэн долоон суудал нь дээд танхимын олонх хэн болохыг тодорхойлох аж. Америкийн шинжээчдийн тайлбарласнаар урьдчилсан таамгууд бүгд найрамдахчууд ялахыг үгүйсгэхгүй байгаа ч статистик тэдний талд биш байна. “1861-1865 оны Иргэний дайны үеэс хойш Төлөөлөгчдийн танхимд завсрын 39 сонгууль болсон бөгөөд Ерөнхийлөгчийн нам 36-д нь ялагдаж байжээ” хэмээн Кайли Кондик өгүүлсэн байна. “Энэ нь Ерөнхийлөгчийг ялахад хүргэсэн улс төрийн чиг хандлага намд нь Конгресст нэмж хэд хэдэн суудал олгодогтой холбоотой. Гэвч хоёр жилийн дараа уг хандлага суларч, Ерөнхийлөгчийн нам суудлаа алддаг” гэж Жон Хопкинсын их сургуулийн профессор Бенжамин Гинзберг хэлжээ. “Хэрэв бүгд найрамдахчууд олонх болбол түүхэнд бараг байгаагүй үйл явдал болох бөгөөд энэ нь Ерөнхийлөгчид 2020 он хүртэл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд тус болно” гэж НьюЙоркийн Айоны коллежийн профессор Жинни Зейно тайлбарлав. Бенжамин Гинзбергийн ярьснаар, нам нь ялсан тохиолдолд Д.Трамп хилийн аюулгүй байдал, тариф, цэргийн зардлаа өргөжүүлэх, Оростой харилцаагаа, Хятадтай сөргөлдөөнөө намжаах зорилтоо амжилттай хэрэгжүүлэх аж. “Гэхдээ Сенатын сонгууль огт өөр. Сонгогдох 35 сенатчийн 26 нь Ардчилсан намын гишүүн.
Намар бүгд найрамдахчууд тэднээс суудал “булаахыг” оролдоно. Жишээлбэл, одоо Флорида, Умард Дакота муж улсад өдгөө сенат чаар ажиллаж буй ардчилсан намынхан улиран нэр дэвшсэн ч бүгд найрамдахчууд авсан саналаар тэргүүлж буй. К.Кондикийн үзэж буйгаар, сонгуулийн үр дүн ийн гарвал Д.Трамп тухайлбал шүүхийн тогтолцоогоо шинэчилж мэднэ. Дашрамд сануулахад, өнгөрсөн сарын эцсээр Дээд шүү хийн шүүгч Энтони Кеннеди тэтгэвэртээ гарсан. Түүний оронд Д.Трамп Колумби тойргийн Давж заалдах шатны шүүгч Бретт Каваног санал болгож магадгүй. Америкийн хэвлэлд бичсэнээр эл томилгоо шүүхийг Ерөнхийлөг чийн тал баримтлахад хүргэх гэнэ. “Хэрэв ард чилсан намынхан Сенатад олонх болбол тэд Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшиг чийг буцаах, эсвэл батлах үйл явцыг удаашруулж мэднэ” гэж Кайли Кондик дүгнэжээ. Сонгуулийн гол өрсөлдөөнүүдийн нэг нь Конгрессын доод танхимын даргын суудлын төлөө өрнөнө. Одоо тус танхимын даргаар ажиллаж буй, Бүгд найрамдах намын Пол Райан улирахгүй гэдгээ дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Тиймээс шинжээчид болон хэвлэлийнхэн уг албан тушаалд намынхаа олонхын удирдагч Кевин Маккарти, эсвэл намын зохион байгуулагч Стив Скэлисийг томилж магадгүй гэнэ.
Америкийн “Politico” сэтгүүлийн Төлөөлөгчдийн танхим дахь эх сурвалжуудын мэдээлснээр тэд өөрсдийг нь дэмжих гишүүдтэй хэлэлцээ хийгээд эхэлсэн байна. Ардчилсан намаас уг албан тушаалд цөөнхийн удирдагч Нэнси Пелоси нэр дэвшиж буй гэнэ. Гэхдээ Конгресст өрсөлдөж буй, Ард чилсан намын 20 гишүүн доод танхимын даргыг өөрчлөхийн төлөө ажиллагаа мэдэгдсэн бол Конгрессын туршлагатай гишүүн Барбара Ли тус танхимд намаа тэргүүлэх хүсэлтээ хэдийнэ илэрхийлжээ. Тэрбээр есдүгээр сарын 11-ний террорист халдлагын хариуд Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхлэхийг 2001 онд эсэргүүцэн санал өгсөн Конгрессын цорын ганц гишүүн юм. Үүний сацуу удахгүй болох сонгуулийн тухай Америкийн улстөрчдийн мэдэгдлүүдэд Оросын хөндлөнгийн оролцооны сэдэв байнга хөндөгдөж байна. Хоёрдугаар сард гэхэд л АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Дэниел Коутс мэдэгдэл хийхдээ “2018 оны АНУ-ын завсрын сонгуулиуд Оросын ажиллагааны бодитой бай болно” хэмээсэн билээ. Шинжээчдийн үзэж буйгаар нэг талаар тийм оролцоо хоёр намд үнэхээр болгоомжлол төрүүлнэ. “Ардчилсан намынхан энэ сэдэвт анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ нь тэднийг сонгуульд ялагдахад хүргэж мэднэ хэмээн нэг хэсэг нь түгшиж байхад нөгөө нь Дональд Трампын засаг захиргаа хууль ёсных, эсэх талаар асуудал хөндөхөд тус болж мэдэх юм” гэж Жинни Зейно үзэж байна. Финландын Хельсинки хотод Дональд Трамп “хөндлөнгийн оролцооны тухай” асуудал хөндвөл үүнд ОХУ ямар ч хамаагүй, хамаатай байх ч учиргүй гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин хариулна гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.