АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дээд хэмжээний уулзалт Финландын нийслэл Хельсинкт боллоо. Хэлэлцээр хоёр үе шаттай болсон бөгөөд эхний шатанд хоёр орны тэргүүн ганцаарчилан уулзсан бол удаахи шатны хэлэлцээр өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлэв. Хэлэлцээрийн явцад Трамп, Путин хоёр олон сэдвийг хөндсөн бөгөөд үүнд цөмийн аюулгүй байдал, эдийн засаг, бүс нутгийн зөрчлүүд, соёлын хамтын ажиллагаа зэрэг багтжээ. Уулзалтыг дүнгэж тэд “Амжилттай, үр дүнтэй” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Гэхдээ хоёр орны одоогийн харилцаа түүхэндээ хамгийн муу түвшинд байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд байдал ийм хэмжээнд хүрэхэд аль, аль талын буруу бий гэдгийг тэмдэглэсэн. “Бие биеэ ойлгох эхний алхмуудыг хийх цаг нэгэнт болжээ. Үүнийг ч бид хийж чадлаа” хэмээн Доналд Трамп мэдэгдсэн бол “Бид нэлээд нухацтай ярилцсан.
Гэлээ ч бүх үл ойлголцлыг нэг дор арилгах боломжгүй тул шийдэх шаардалгатай асуудал үлдсэн” гэж Владимир Путин мэдээллээ. Түүнчлэн тэд Сири зэрэг бүс нутгийн зөрчлийг хамтран шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Сирид хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа нь дэлхийн энх тайван байдалд хүчээ нэгтэн зүтгэхэд үнэтэй туршлага болсныг мөн онцоллоо. Сэтгүүлчдийн сонирхож байсан өөр чухал сэдэв бол Америкийн сонгууль дахь Оросын нөлөөллийн тухай байлаа. Энэ асуултад Трамп хариулахдаа “Би энэ сэдвээр ерөнхийлөгч Путинд тодорхой асуулт тавихад тэрбээр ямар ч оролцоо байгаагүй гэдгээ ойлгомжтой хэлсэн. Тиймээс Америкийн сонгууль дахь Оросын оролцоог илрүүлэх гэсэн мөрдөх ажиллагаа АНУ-ын хувьд сүйрэл байлаа” хэмээн өгүүлэв. Үүний хариуд Холбооны мөрдөх товчооны дарга асан Жон Бреннан “Трамп Путины халаасанд орчихож. Энэ бол урвалт” гэсэн дуулиантай мэдэгдлийг Twitter-тээ постлов. Түүнтэй зэрэгцээд сенатор Жон Маккейн тэргүүтэй улс төрчид Трампыг шүүмжилж эхэлжээ.