Хоёр гүрний тэргүүнүүд уулзалт өнөөдөр Финландын нийслэл Хельсинкт болно. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гурав дахь удаагаа уулзах гэж байна. Үүнээс өмнө ямар нэгэн арга хэмжээний үеэр буюу 2017 оны “Их 20” болон АТЭС-ийн саммитийн үеэр уулзаж байсан нь хоёр орны одоогийн харилцаатай холбоотой. ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн бүрэн хэмжээний уулзалт хамгийн сүүлд тэртээх 2009 онд Дмитрий Медведев ОХУ-ын, Барак Обама АНУ-ын ерөнхийлөгч байх үед Кремльд болж байв.
Трамп, Путины өнөөдрийн уулзалтаас гоц хойд өөрчлөлтийг ажиглагчид хүлээхгүй байна. АНУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ч гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн бөгөөд тэдний албан ёсны уулзалт урт хугацааны турш болоогүйтэй холбон үүнийг тайлбарласан. Тодорхой шийдвэр гарахгүй байж магадгүй ч гэлээ дэлхий нийтийн анхаарлыг татсан нэг бус сэдвийг Трамп хөндөхөөр зэхсэнийг Америкийн хэвлэлүүд тэмдэглэж байна. Тухайлбал, Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд орсон Оросын нөлөө. Энэ сарын 13-нд АНУ-ын ерөнхий прокурор Род Розенштайн ОХУ-ын Жанжин штабын удирдах газрын 12 ажилтныг Ардчилсан намын серверийг эвдсэн хэрэгт буруутгаснаар дээрх асуудал дахин өндрөө аваад байгаа юм. Энэ талаар Америкийн сенатч Жон Тун “2018 оны сонгуульд гадны хөлөө орохыг бид тэвчихгүй гэдэг дохиог ОХУ үүнээс авсан байх” хэмээн байр сууриа хатуу илэрхийллээ.
Путинтай хэлэлцэх Трампын удаахи чухал сэдэв нь Крым, Украин, Сири, Иран, Афганистаны асуудал юм. Дээрх сэдвүүдээр хоёр талын байр суурь хол зөрүүтэй байгаа ч Афганистаны нөхцөл байдлыг нааштай шийдэх тал дээр ойлголцолд хүрч магадгүй хэмээн олонх ажиглагчид үзэж байна. Гэхдээ үүнээс ч том дэвшил гарч мэдэх чиглэл бол цөмийн зэвсэгийг үл дэлгэрүүлэх тухай юм. Үүний тулд 1987 онд байгуулсан дунд болон ойрын зайн тусгалтай пуужингийн гэрээнийхээ биелэлт, түүнийг мөрдөх үйл явцад хоёр тал нэлээд гүнзгий анализ хийнэ гэсэн таамгийг Оросын улс төр судлаачид дэвшүүлж буй. Тэгвэл Трамп, Путины уулзалтаас тодорхой үр дүн гарахгүй, гарах ч цаг нь биш гэсэн байр суурьтай Дмитрий Саймс тэргүүтэй нэлээдгүй судлаачид байгаа бөгөөд тэдний үзэж байгаагаар дээрх саммитын дүнд хоёр орны харилцаа бага зэрэг зөөлрөх ажээ.