2016 онд төрийн тэргүүнээр сонгогдсон, Азийн Дональд Трамп гэгддэг Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертэ өнгөрөгч сарын сүүлчээр бурхныг “тэнэг” хэмээгээд католик шашинт иргэдээ доромжилсон, итгэл үнэмшлийг нь үл хүндэтгэсэн гэгдэн ихэд шүүмжлүүлсэн билээ.
Гэтэл тэрбээр өөрийг нь шүүмжилсэн хүмүүст бууж өгсөнгүйгээр барахгүй бурхан шүтээн, шашин шүтлэгийг өмгөөлөн хамгаалдаг хүмүүс “өөрсдийгөө бурхантай харилцдаг хэмээн эндүүрч байна” хэмээгээд хэрэв ийм зүйл байдаг бол, бурхан гээч үнэхээр байдаг нь нотлогдвол төрийн тэргүүний үүрэгт ажлаасаа даруй чөлөөлөгдөхөд бэлэн гэж мэдэгдлээ.
Р.Дутертэ баасан гарагт Филиппиний Давао хотод залууст зориулсан шинжлэх ухаан, технологийн хөгжил сэдэвт чуулганд үг хэлэхдээ сүсэгтэн олноос мөнгө хураадаг католик сүмийнхнийг луйварчидтай адилтгаж, “Та бүхний бурхан миний бурхан биш. Миний бурхан илүү ухаантай” гэхчлэн ярьж олны дургүйцлийг хүргэжээ. Филиппиний 76 сая гаруй иргэн католик шүтлэгтэн билээ.