Франц, Бельгийн эрдэмтэн, зохиолч Бернар Эйвельманс нэгэн баримтат номдоо ЗХУ-ын үед хийсэн нууц туршилтын талаар бичсэн байдаг. Түүнд өгүүлснээр 1950-иад онд Сибирь дэх шоронд хоригдож байсан бага ястан эмэгтэйчүүдийн умайд горилл сармагчны бэлгийн эс суулгаж байсан гэх.
Зохиомлоор жирэмслүүлэх, мөн хүн ба сармагчны эрлийзийг төрүүлэх эл туршилтыг маш олон удаа хийсэн ч бүтэлгүйтсэн аж. Гэхдээ ураг амжилттай бүрэлдэж, мэндэлсэн хэд хэдэн тохиолдол байсан ч цаашид хэрхсэн нь тодорхой бус гэнэ. Профессор Ивановын туршилтуудын талаарх баримтыг ОХУ-ын архиваас үзэж болох юм байна.
Энэ мэтээр хүн, амьтныг эрлийзжүүлэх туршилт Америк, Африкт хийж байсан тухай баримт цөөнгүй. Ийм оролдлого өнгөрсөн зууны дунд үеэс нууцын зэрэглэлтэй явагддаг байсан бол сүүлдээ зарим нэгийнх нь үр дүнгийн талаар олон нийтэд зарладаг болжээ. Жишээ нь, Английн эрдэмтэд 1998 онд автын ослоор нас барсан жирэмсэн эмэгтэйн ургийг эмэгчин шимпанзед шилжүүлэн суулгажээ.
21 хоногтой байсан ураг сармагчны умайд ямар нэгэн асуудалгүй дасаж, долоон сар болсон бөгөөд тэр үед нь мэс заслын аргаар төрүүлсэн аж. Хүүхэд эрүүл, хэвийн төрж, өссөн гэнэ. Энэ нь хүний ургийг сармагчинд тээлгэсэн тохиолдол. Харин Оливер хэмээх сармагчныг хувьссан буюу мутант уу, шимпанзе бас хүний дундаас гарсан хүүхэд үү гэдгийг одоо хэр нь тайлаагүй. Оливерын түүхийг товчлон хүргэе.
1920-иод онд АНУ-ын Флорида мужийн нэгэн лабораторид эмэгчин шимпанзед эр бэлгийн эс суулгасан нь амжилттай болж хүүхэд төрсөн бөгөөд хуманзэ (humanze) гэж нэрлэсэн гэдэг. Энэ талаар Америкийн эрдэмтэн, хүний хөгжлийн хувьсалзүйч Г.Гэллап “Миний найз, их сургуулийн доктор энэ туршилтад оролцсон юм. Хэдийгээр хүн, сармагчны дундаас төрсөн хүүхдийн эрүүл мэнд хэвийн байсан ч эрдэмтдийн шийдвэрээр устгасан.
Эл туршилтаас харсан ч, шинжлэх ухааны дэвшил, хүний ДНХ-ийн мэдээллийн сангийн үзүүлэлтээс иш татсан ч хүн ба горилл, шимпанзе, орангутангийн дундаас үр төл гарах боломжтой” гэсэн байдаг. Олон зүйл нуршсаны учир нь Оливер хүн, сармагчны эрлийз байхыг үгүйсгэхгүй гэдгийг түүний энэ тайлбар баталдаг аж.
Гаднах ерөнхий төрх нь шимпанзе, ааш авир, биеэ авч яваа байдал нь хүнтэй илүү төстэй Оливер 1970-аад онд дэлхий дахинд жинхэнэ дуулиан шуугиан байжээ. Конгод төрсөн түүнийг эхээс нь даруй тусгаарласан гэдэг бөгөөд Өмнөд Африкийн амьтан сургагч Франук, Жанет Бургер нар үрчлэн авчээ.
Оливер циркчин, зураач гэхчилэн “мэргэжил эзэмшсэн” сүрхий сармагчин байсан. Яг л хүн шиг хойд хоёр хөл дээрээ түүртэлгүй явдаг, гэр орны ажилд гаргууд тэрбээр шимпанзенуудтай хэл амаа огт авалцдаггүй буюу тэдэнтэй харилцаж мэддэггүй байсан гэдэг. Цээж, толгойн хэсэгтээ үс багатай, өөрөөр хэлбэл хүн шиг, чих нь ч адил, нүд нь гялалзсан Оливер ариун цэврийн өрөөнд л бие засдаг байсан гэнэ. Эзэндээ тусалж, нохойны хоол бэлтгэлцэж, зурагт үзэж, тэр ч байтугай вискинд дуртай байж.
Ж.Бургерийнхний тэмдэглэснээр Оливер бэлгийн бойжилтынхоо үед сонин авир гаргадаг болсон аж. Эмэгчин шимпанзег тоож харахгүй мөртлөө охид, бүсгүйчүүдэд нүд унагана. Ялангуяа хатагтай Бургерийг эр хүний харцаар ширтдэг байсан гэнэ. Нөхөр нь эзгүй хойгуур хэд хэдэн удаа “өдөж хоргоож”, банзлыг нь сөхсөн, тэр үед нь бэлгийн сэрлийн тодорхой шинж илэрч байсан гэдгийг эзэгтэй нь дурссан байна. Тэр болгонд бүсгүй түүнийг амьтныг хайрлаж, өхөөрдөх маягаар өнгөрүүлээд байж.
Тэгтэл нэг шөнө мөн л гэрийн эзэн байхгүй үеэр Оливер хатагтайн унтлагын өрөөнд нэвтэрч, цамцыг нь урж, хүчирхийлэхээр дайрсан ч азаар эмэгтэй зугтаж чаджээ. Үүнээс гадна хэд хэдэн бүсгүйг ч “дарж авах” оролдлого хийсэн учраас түүнийг Пенсильван мужид байрлах эмнэлгийн судалгааны лаборатори руу илгээсэн байна. Тэнд эмэгчин шимпанзе олон байсан ч Оливер эхэндээ тоохгүй л байв. Сүүлдээ нөхцөл байдалдаа дасаж, “хүүхнүүдтэй” учир ургуулж, долоон монштой болсон гэнэ. Ийм нэгэн хачин амьтан 2012 оны зургадугаар сарын 2-нд Америкийн Техас мужийн амьтны асрах газарт 55 насандаа өөд болжээ.
Оливерыг нууц туршилтын үр дүнд бий болсон эрлийз гэж итгэдэг эрдэмтэн олон. Үүний эсрэг, зүгээр л хувьссан сармагчин гэх нь ч бий. Ямартай ч, хойд мөчөөрөө тулгуур хийдэг буюу хүн шиг явдаг тэрхүү амьтны ДНХ-ийг шинжилсэн Чикагогийн их сургуулийн эрдэмтэд “Ямар ч цус холилдоогүй цэвэр сармагчин” гэж дүгнэсэн аж. Гэхдээ Оливер шимпанзегийнхаас нэгээр бага, хүнийхээс нэгээр илүү буюу 47 хромосомтой байсан нь хачирхалтай аж. Түүний ойр орчимд өссөн зарим хүний баталснаар Оливероос сармагчных шиг өвөрмөц үнэр гаргадагүй байсан гэнэ.
2006 онд “Discovery” Оливерын тухай баримтат кино хийж, цацжээ. “Oliver the chimp” кино түүнийг шимпанзе, эсвэл хүн гэдгийг харуулахаас илүүтэй генийн түвшинд энэ хоёр ямар ялаатай байдгийг тайлбарлахаар зорьсон гэдэг. Энэ түүхтэй холбогдуулан хүн ба амьтны бэлгийн эсийг нийлүүлж, гарган авсан эрлийзүүдийн талаарх мэдээллээс сонирхуулъя.
• Шанхайн эрдэмтэд 2003 онд лабораторид “эх барьсан” нэгэн амьтны “аав” нь эр бэлгийн эс, “эх” нь туулайны өндгөн эс юм байна. Үр хөврөл хэвийн явагдаж, ураг бүрэлдэхэд хүн шиг царайтай туулай байсан гэх. Гэхдээ ургийн хөгжил хэдэн сарын дараа зогссон юм байна. Энэ нь хүн болон туулайн эрлийз бүтээх боломжтойг харуулсан туршилт гэдгийг хятад эрдэмтэд онцолжээ. Хэрэв тэр амьтан “мэндэлсэн” бол хүнтэй илүү төстэй байх байсан гэдгийг ч тэд мэдээлжээ. Петри хэмээн нэрлэсэн тэр “хүүхэд”-ийн үүдэл эсийг хадгалах, эсэх тал дээр эрдэмтэд санал нэгдэж, бүрэн устгасан гэнэ. Үүнээс өмнө америкчууд энэ төрлийн туршилтууд хийж байсан ч үр хөврөлийн үедээ л амжилтгүй болж байжээ.
• Хятадын Шэньян их сургуулийн лабораторид 1967 онд шимпанзе, хүний эрлийзийг төрүүлэхээр туршиж байсан гэдгийг саяхан мэдээлсэн байна. Соёлын хувьсгалын үед коммунистууд лаборатори руу дайрч хамаг зүйлийг нь сүйтгэсэн учраас туршилтаа бүр мөсөн зогсоохоос аргагүй болсон гэж тайлбарлажээ. Тухайн үед умайд нь эр бэлгийн эс суулгасан эмэгчин шимпанзе нь тулгар байсан ч харамсалтайгаар үхсэн гэнэ. Хүнд хүчир ажил хийлгэх зорилгоор шинэ төрлийн сармагчин бүтээх эл төсөл амжилт олсон бол тэр “нөхрийг” сансарт нисгэх байсан гэнэ. 1981 онд яг үүнтэй адил туршилтыг тус сургуулийн эрдэмтэд хийхээр хөөцөлдсөн ч дэмжлэг аваагүй аж.
• Америкийн Миннесота мужийн “Мэйо” эмнэлгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хүний үүдэл эсийг гахайны үр хөврөлтэй “найзлуулжээ”. Үр дүнд нь хүний цустай гахай бий болсон бөгөөд энэ нь дэлхийд анхдагч болсон байна. Туршилтын зорилго нь нэг цусны эргэлтийн системд хүн ба гахайны эсийн харилцан үйлчлэлийг ажиглах байсан гэж эрдэмтэд мэдээлсэн. Энэ туршилтаар гарган авсан гахайны дотор эрхтнүүдийн ихэнхийнх нь ДНХ хүнийхтэй адил үзүүлэлттэй байсан гэнэ.
• 2007 онд Йелийн их сургуулийн мэргэжилтнүүд таван макаки сармагчны мэдрэлийн эсэд хүний үүдэл эсийг ургуулсан нь Паркинсоны өвчнийг судлах зорилготой байжээ. Гэхдээ энэ бол мэдээж, хүн ба амьтныг эрлийзжүүлэх туршилтаас тэс өөр зүйл. Эл төсөлд бие нь саажсан таван сармагчныг хамруулсан нь бүгд илааршиж, явж чаддаг болсон байна. Хүний үүдэл эс сармагчны тархины эсийг дарангуйлсан нь тодорхой байсан ч цаашид туршилт хэрхэн өрнөсөн талаар ямар ч мэдээлэл алга.