ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель өчигдөр Берлин хотноо Их Британийн Ерөнхий сайд Тереза Мейтэй уулзсан байна. Тэд хоёр талын харилцаа, эдийн засаг, олон улсын амьдралын өргөн хүрээтэй асуудлыг хөндөн ярилцах аж.
“Яриа хөөрөөний гол сэдэв нь Европын улс төр, түүний дотор Европын холбооноос Их Британи гарах тухай асуудал байх болно. Түүнээс гадна гадаад бодлого, аюулгүй байдал болон хоёр талын харилцаатай холбоотой асуудал ярилцана” гэж Германы Засгийн газрын төлөөлөгч Ульрике Деммер хэлсэн байна.
“Гадаад бодлого хийгээд аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь манай хамтын ажиллагааг маш нягт байлгахын төлөө би чадах бүхнээ хийнэ. Бид түнш байх ёстой” гэж Меркель хэлжээ. Англи, Герман хоёр НАТО-гийн гишүүн, Ирантай хийсэн цөмийн зэвсгийн талаарх хэлэлцээр, Орост тавьсан хоригийг хэвээр хадгалах асуудлаарх нийтлэг байр суурь биднийг холбож байдаг юм хэмээн тэрбээр сануулаад амжилттай хамтарч ажиллахад Германы талаас дангаар гаргах хүчин чармайлт хангалттай биш гэдэгт анхаарлаа хандуулсан байна.
Канцлер, Ерөнхий сайд хоёр Оросын иргэн асан Сергей Скрипальтай холбоотой асуудлыг ч хэлэлцэж болзошгүй аж. Нотлох баримтыг дэлгээгүй хэрнээ Британийн эрх баригчид энэ хэргийн хариуцлагыг Москвад тохоход Берлин дэмжиж, Оросын таван дипломатчийг эх орноосоо гаргасан билээ.
Англи болохоор Мей, Меркель нар уулзаад хөндсөн асуудлаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэхийг хичээхгүй байх шиг байна. Тэндхийн хэвлэлүүд өөрийн танхимын гишүүдтэйгээ зарчмын чухал хуралдаан хийхийн өмнөхөн Мей Берлинийг зорьсныг нь онцолж байна. Британийн Засгийн газрын зарим гишүүн, тухайлбал Гадаад хэргийн сайд Борис Жонсон “Brexit”-ийн талыг хатуу баримталж, Брюссель (Европын холбоонд)-д ямар нэг буулт хийхийг эрс эсэргүүцэж байгаа юм.
Ийм нөхцөл байдалд танхимынхаа гишүүдтэй хэл амаа ололцоход Европын холбооны хамгийн нөлөө бүхий удирдагч Ангела Меркелийн дэмжлэг Тереза Мейд хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Европын холбооноос албан ёсоор гарах 2019 оны гуравдугаар сарын 29-нөөс өмнө гарын үсэг зурж, ард түмнээрээ хүлээн зөвшөөрүүлсэн байхын тулд Европын холбоо, Их Британи хоёр хэлэлцээрийнхээ үг өгүүлбэрийг аравдугаар сар гарахад нэгэнт тохиролцчихсон байх ёстой юм.
Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд Европын холбоог орхих гэж буй Умард Ирланд болон Европын холбоондоо үлдэх Ирланд хоёрын хилийн дэглэм гол асуудал болоод байгаа аж.