Хөлбөмбөгийн ДАШТ зохиогдож байгаа энэ өдрүүдэд номын борлуулалт Орост эрс нэмэгдсэн бөгөөд хамгийн их эрэлттэй байгаа нь Михаил Булгаковын зохиолууд байна. Тэр дундаа их зохиолчийн "Мастер, Маргарита" романы англи орчуулгын борлуулалт 30 хувиар өсч, Москва, Санкт Петербург зэрэг том хотуудад илүү өндөр хувьтай байгааг номын худалдаа эрхлэгчид онцолжээ. "Московский Дом книги" номын дэлгүүрийн эрхлэгч Надежда Михайловагийн ярьснаар "Мастер, Маргарита" романы итали, испани, герман орчуулгын эрэлт хэрэгцээ ч өндөр байна. Үүнээс гадна Александр Пушкины “Евгений Онегин”, Лев Толстойн “Анна Каренина”, Федор Достоевскийн “Маанаг”, Борис Пастернакийн “Живаго эмч” зэрэг романуудын худалдан авалт эрс өссөнийг “Россия сегодня” агентлаг мэдээлэв.
Дашрамд дуулгахад, 1928-1940 оны хооронд бичигдсэн ч 1967 онд анх удаа хэвлэгдсэн "Мастер, Маргарита" романыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн монгол хэлнээ хөрвүүлсэн билээ. Түүнчлэн Булгаковын өөр нэг зохиол “Нохойн зүрх” туужийг сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ монгол уншигчдын хүртээл болгоод байна.