Хатан хаан II Элизабета ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд хэрхэх талаарх нууц дадлагад Их Британийн Засгийн газрын сайд нар өнгөрсөн долоо хоногт оролцсон байна. Оролцогсдын дотор Ерөнхий сайдын орлогч Дэвид Лидингтон, Дотоод хэргийн сайд Сажид Жавид, Парламентын доод танхимын тэргүүн Андреа Ледсом, Шотландын асуудал эрхэлсэн сайд Дэвид Манделл нар байжээ.
Хатан хааныг нас нөгчсөний дараах 10 хоногийн гашуудалд хэрхэн бэлтгэх, түүний дотор маргааш нь ямар үйл ажиллагаа явуулах, болсон үйл явдлыг Ерөнхий сайд ард түмэндээ хэзээ, яаж дуулгахыг сургуулилсан аж. Хэвлэлд бичсэнээс үзвэл ийм төлөвлөгөө боловсруулаад удаж буй ч дадлагад улстөрчид анх удаа оролцож буй нь энэ гэнэ.
Энэ дадлага сургуулилалт ямар нэг тодорхой үйл явдалд, тухайлбал Лондон дахь Гэгээн Павелын сүмд зургадугаар сарын 28-нд болсон өглөөний мөргөлд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалаад Хатан хаан оролцож чадаагүйтэй холбоогүй юм байна.
II Элизабета 92 насны төрсөн өдрөө дөрөвдүгээр сарын 21-нд тэмдэглэсэн юм. Түүнийг улс орноо 65 жил залсан анхны хаан болсныг 2017 оны хоёрдугаар сард зарласан аж.