АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны асуудлаар үл ойлголцол үүссэн энэ өдрүүдэд сэтгүүлчид хэрхэн ажиллах тухай үүрэг, даалгаврыг Хятадын засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн хэмээн China Digital Times сайт мэдээллээ. Тухайлбал, Америкийн ерөнхийлөгч Доналд Трампыг эрс шүүмжлэхгүй байх, түүний болон Цагаан ордны төлөөлөгчийн хэлсэн тайлбар, үгийг аливаа нийтлэл, мэдээлэлд ишлэхгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн, үүссэн нөхцөл байдал нь зөв алхам хийхийг шаардаж байгаа учир худалдааны дайны талаарх Америкийн сонин, телевизүүдийн мэдээ, тайлбарыг нийтэд дамжуулахгүй байж, гагцхүү Засгийн газрын албан ёсны мэдэгдлийг хүлээх хэрэгтэйг анхааруулсан гэдгийг China Digital Times тэмдэглэсэн байна. Гэвч тус сайт аюулгүй байдлын үүднээс уг мэдээллийн эх сурвалжийг нэрлэхээс татгалзжээ. China Digital Times Америкийн Калифорни мужид бүртгэлтэй бөгөөд Хятадын тухай мэдээллийг түгээдэг байна.
Цагаан ордон энэ оны 6-р сарын 15-нд Хятадын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулснаар БНХАУ-ын эсрэг хийх худалдааны дайнаа эхлүүлсэн хэмээн шинжээчид үзэж байна. Дээрх татварт хамаарах бараа нь Хятадын эдийн засгийн өсөлтийг нэмж, Америкийн хөгжилд саад болохуйц нөлөө бүхий өндөр технологийн бүтээгдэхүүнүүд байх ажээ.