Цэнхэр гариг бол байгаль эхийн гайхамшигт бүтээл. Хүмүүс бид завгүй амьдралын хэмнэлдээ “цохиулсаар” тэрхүү сайхан, бишрэм зүйлийг анзаарахаа больж, хайрлахаа ч “мартаж” эхэлсэн нь гашуун үнэн. Зуны дэлгэр цагт амарч чадалгүй, ажил албандаа шогшиж буй хүн олон байгаа. Тэгвэл энэ мэдээллийг уншаад сэтгэлээ бага боловч цэнгүүлж, амраагаарай.
КИПРИЙН “ЦУСАН” НУУР
Кипр улсын Митсеро тосгоныг зорих жуулчид цусан улаан өнгөтэй өвөрмөц нуурыг заавал үздэг. “Нуурын эрэгт очиход яг л цусан далай шиг санагдсан. Нэг талаар аймаар боловч үнэхээр үзэсгэлэнтэй, биширмээр” гэж сэтгэгдлээ үлдээсэн аялагч олон байдаг аж. Энэ нь сөнөсөн нуур гэгддэг ч үнэндээ бол тус газарт төмрийн хүдэр олборлодог байсан бөгөөд ийнхүү усан сан тогтсон юм байна. Тиймээс мэдээж, дотор нь амьтан, ургамал байхгүй.
БОЛИВИЙН УЛААН НУУР
Лагуна Колорадо хэмээх давст нуур Боливийн Эдуардо Авароа байгалийн цогцолборт газарт бий. Хурц улаан өнгө нь усанд өргөн тархсан нэгэн төрлийн замагтай холбоотой аж. Нуурын ус давалгаалахад өнгө нь ягаарч цайвартах нь үнэхээр үзэсгэлэнтэй гэнэ. Тэнд фламинго чуулдаг нь ёстой л үлгэрийн мэт бөгөөд үүнийг харахаар дэлхийн олон өнцгөөс Боливийг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдэж буй.
СЕНЕГАЛЫН ЯГААН НУУР
Бараг сөнөсөнд тооцогддог, ус нь ягаан, давстай Ретба нуур Сенегалын нэгэн бахархал. Нуурын давс нь илааршуулах шидтэй хэмээн хүмүүс их хэмжээгээр олборлодог гэнэ. Тэнд очиж үзсэн жуулчид “Гүзээлзгэнэтэй сүүн коктейль шиг харагддаг” гэсэн байна. Гүн нь гурван метр гаруй, давсны агууламж нь Сөнөсөн тэнгисийнхээс 1.2 дахин их тус нуурын усыг цианобактер тийм тансаг өнгөтэй болгодог юм байна. Ретба нуур байгаа газарт 1970-аад оноос өмнө жижиг усан сан байсан бөгөөд нэг удаа хэт халснаас болж татарч, үгүй болоод уджээ. Ингээд ягаан өнгөтэй лаг шавар нь хатсаар хагарсан газар үлдэж, хэсэг хугацааны дараа гэнэт л ус дүүрч, нуур тогтсон гэнэ.
ОЛОН ӨНГӨТЭЙ КЕЛИМУТУ
Индонезид Келимуту хэмээх үзэсгэлэнт нуур бий. Сөнөсөн галт уулын гурван тогоонд тогтсон усан сангууд оюу, номин, улаан шүрийг санагдуулам өнгөтэй. Нутгийн иргэд нуур бүхэн савдагтай гэж итгэж, шүтдэг. Тэдгээр савдгаар дамжуулан өвөг дээдэстэйгээ холбогддог гэнэ. Оюу өнгөт Тиву-Ата-Мбупу нууранд өндөр настнуудын сүнс шингэсэн байдаг учраас хөгшчүүлд ээлтэй. Номин ногоон Тиву-Нуа-Мури-Коох-Таи нууранд цаг бусаар нас барсан охид, хөвгүүдийн сүнс бий гэнэ. Тиву-Ата-Поло буюу хараагдсан гэх улаан нууранд нь гэм нүгэлтэй муу сүнснүүд цугладаг гэж үздэг байна.