Францын Ерөнхийлөгчийн санаачилгаар тус улсын иргэн 16 нас хүрсэн хүн бүр Үндэсний үйлчилгээ хэмээх сайн дурын хөтөлбөрт ажиллах боллоо. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр франц залууст нийгмийн ухамсар суулгаж, тэднийг эх оронч үзэлтэй болгох үүднээс 18-21 настнуудыг нь хамгийн багадаа бүтэн сар цэргийн алба хаалгана хэмээн ярьж байсан юм.
Харин дээрх хөтөлбөр мөнхүү төлөвлөж байсан ажлынх нь “хялбаршуулсан” хувилбар болж байна хэмээн ажиглагчид онцолжээ.
Шинэ хөтөлбөрийн хүрээнд Францын 16 настнууд нэг бол иргэний болон буяны байгууллагуудад нэг сар ажиллах, үгүй бол 6-12 сарын хугацаанд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт туршлага судлах гэсэн үүрэг хүлээж байна.
Эл хоёр албаны аль нэгэнд заавал үйлчлэх бөгөөд татгалзсан тохиолдолд соёлын өв, байгаль орчин, нийгмийн халамжийн салбарт дүйцүүлэх ажлыг сайн дураар хийх ёстой гэнэ. Саяхны нэгэн судалгаанаас харахад франц иргэдийн 60 гаруй хувь нь Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг дэмжиж байна.