ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар тохиролцсон талаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдээллээ. Тэдний уулзалт долдугаар сарын 11-12-нд зохиогдох НАТО-гийн саммитын дараа Финландын нийслэл Хельсинкт болох төлөвтэй байна. Гэхдээ албаны төлөөлөгчид уулзалт болох өдөр, газрыг албан ёсоор мэдээлээгүй байгаа. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа Сири, Украины нөхцөл байдал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос нөлөөлсөн тухай асуудал, хоёр орны эдийн засгийн харилцаа зэрэг сэдвүүд Путин, Трампын уулзалтад хөндөгдөж магадгүй гэдгийг онцоллоо. Албан ёсны уулзалт хийсний дараагаар хоёр орны ерөнхийлөгчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулах ажээ.