Дэлхийд эмэгтэйчүүд нь автомашин барьж чаддаггүй нэг ч улсгүй боллоо. Тодруулбал, Саудын Арабын эмэгтэйчүүд анх удаа айж эмээх зүйлгүй жолооны ард сууж, замд гарах болов. Саяхан л ийм боломжгүй, автомашин унах нь биелэгдэшгүй мөрөөдөл байв. Харин хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудын өнгөрсөн жил гаргасан зарлиг уг мөрөөдлийг бодит байдал болгожээ.
Уг шийдвэр уржигдраас хэрэгжиж эхэллээ. Үүнээс өмнө эмэгтэйчүүддээ жолоо барихыг албан ёсоор хориглодог дэлхийд цорын ганц улс нь Саудын Араб байсан юм. Шашны хатуу дүрэм журам нь тус орны эмэгтэйчүүдийг олон нийтийн газар заавал эрэгтэй төрөл садан, эсвэл харгалзах хүний хамт явахыг шаарддаг. Эмэгтэй хүн гудамжаар, эсвэл ажилдаа ганцаараа явахыг зөвшөөрдөггүй байж.
Морь, тэмээ л тээврийн хэрэгсэл байсан эрт цагт эмэгтэй хүн зөвхөн зорчигч л байх боломжтой байсан гэдэг. Гэсэн хэрнээ номч Мухаммедын эхнэрүүдэд морь, тэмээ унахыг зөвшөөрдөг байсан тухай түүх, сударт өгүүлсэн байдаг. Харин зуун жилийн дараа бүсгүйчүүд автомашинаар зөвхөн жолоочтой, эсвэл гэр бүлийн хамт зорчих болсон.
Хөдөлгөөнт хэрэгслийн хувиар автомашин дэлхийд орон зай эзэлж эхэлсэн 1950-иад оны эхээр ийн зорчихыг хуулиар зөвшөөрчээ. Үүнийг зөрчиж, жолооны ард сууж зүрхэлсэн эмэгтэйчүүдэд хатуу шийтгэл оноодог байсан аж. Түүгээр зогсохгүй, тус хаант улсын шашны тэргүүн Абдель Азиз Аль аш-Шейх нэлээд хэдэн жилийн өмнө “Эмэгтэй хүн жолооны ард суух нь муу ёр” хэмээж, бүсгүйчүүдээр автомашин жолоодуулах, эсэх тухай маргааныг цэглэсэн гэдэг.
АНХНЫ ЭРХ
Саудын Арабын хаан Салман өнгөрсөн оны есдүгээр сарын 26-нд гарын үсэг зурсан зарлигаараа эрчүүдийн нэг адил жолоо барих эрхийн үнэмлэхтэй болохыг эмэгтэйчүүдэд зөвшөөрсөн байна. Тэгэхдээ зарлигийнхаа хэрэгжилтэд хяналт тавихаар Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн яамны төлөөлөгчдийн оролцоотой байгууллага хоорондын хороо байгуулжээ.
Тэр цагаас хойш олон жил эрхийнхээ төлөө тэмцсэн, автомашинд дурлагсад замын хөдөлгөөнд оролцоход идэвхийлэн бэлтгэсэн гэнэ. Суудлын автомашин жолоодоход сургах дамжаа Эр-Рияд, Жидд, Табук, Таиф хот дахь таван том их сургуульд нээгдсэн байна. Орон даяар эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан автомашины хэдэн арван үзэсгэлэн, худалдаа болжээ. Суудлынхаас гадна ачааны машин, мотоцикл болон тээврийн бусад төрлийг жолоодож болох аж. Зарим эмэгтэй таксины жолоочоор ажиллахаар бэлтгэсэн гэнэ.
Жолоо барих эрхийн эхний үнэмлэхүүдийг тус улсад энэ сарын эхээр олгож эхэлжээ. Үнэмлэх авахад ял шийтгэлгүй байх, хувийн автомашин барих бол 18-аас, нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох бол 20-иос дээш настай байх шаардлага тавьж байна. Мөн эрүүл мэндийн комиссоор орж, жолооны бичгийн болон практик шалгалт өгсний дараа татвар төлөх ёстой.
Энд тэмдэглэхэд, эмэгтэйчүүд гараашаасаа “төмөр хүлгээ” аль болох түргэн гаргахыг эрмэлзэж буйг ойлгосон тус улсын Замын хөдөлгөөний ерөнхий газар товлосон хугацаа (зургадугаар сарын 24)-наас өмнө жолоо барьсныг нь 130-240 орчим ам.доллароор торгосон байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДЛЭХ БУСАД ЭРХ
Хаан түүхэн зарлигаа гаргаснаас хойш эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөлөлтийн тоо геометр прогрессоор өсчээ. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад тэдний эрх чөлөө нэлээдгүй өргөн болсон гэнэ. Тухайлбал, ажиллах, сурах газраас эхлээд хувцаслалт, аялал зугаалгад урьд өмнө байгаагүй чөлөөтэй сонголт хийдэг, бие даан бизнес эрхэлж, спортоор хичээллэн, уралдаан тэмцээн үзэж, хөлөг онгоц үйлдвэрлэдэг болсон аж.
Тэрчлэн саяхнаас эмэгтэйчүүд нь хууль хамгаалах байгууллагуудад алба хааж, замын цагдаа болж, жолооны сургуулийн зааварлагч болсон төдийгүй хилээ хамгаалах болжээ.
ШИНЭЧЛЭГЧ ХУНТАЙЖ
Хаан нь эмэгтэйчүүддээ жолоо барих эрх олгосон нь тус хаант улсын амьдралд олон шинэ зүйлийн сэдэл болж, орчин үеийн нийгэм рүү хөтөлсөн замыг нээв. Урьд нь Саудын Араб манай гарагийн хамгийн хаалттай орнуудын нэг төдийгүй исламын шашны хамгийн хуучинсаг урсгал их нөлөөтэй байсан бол өдгөө тус улс эрс өөрчлөлтүүдийг эрчимтэй хийж байна.
Угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальманы санал болгосон “Vision-2030” стратеги зөвхөн эдийн засгийн төдийгүй олон салбарт өргөн хүрээтэй ардчилсан шинэчлэл хийхийг санал болгосон нь саудчуудын амьдралд олон өөрчлөлт оруулж буй аж. Тодруулбал, уг стратегийн гол зорилго нь Саудын Арабыг нефтийн хамаарлаас ангижруулж, улсаа дэлхийн хамгийн орчин үеийн орнуудын нэг болгох, дундад зууны үеийн хэв маягаасаа салахад оршиж байна.
Эмэгтэйчүүдэд чиглэсэн урьд өмнө байгаагүй алхмуудаас гадна тус улс исламын шашны аядуу чиг шугамыг баримталж, кинотеатрууд нээгдэн, анх удаа задгай концерт болох болжээ. Хаан эцгийнхээ угсааг залгамжлагчаар өнгөрсөн оны зургадугаар сард томилогдсон 33 настай Мухаммед шинэчлэгчийнхээ хувиар “Time” сэтгүүлийн “Оны хүн” болоод зогсохгүй авлигатай хатуу тэмцэл өрнүүлсэн билээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ӨӨРЧЛӨЛТ
“Хэдэн арван жил манайд бараг юу ч болдоггүй байсан. Харин одоо өөрчлөлтийг гүйцэхгүй байна. Биднийг унтаж байхад гэнэт сэрээсэн юм шиг л санагдаж байна” гэж Эр-Риядын нэг их сургуулийн 20 настай оюутан Сюзанна ярьжээ. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд жолоо барих хоригийг цуцалсан нь Саудын Арабын хүний эрхтэй ямар ч холбоогүй.
“Манай оронд эдийн засгаа хөгжүүлж, солонгоруулах том төлөвлөгөө хэрэгжиж байна. Энэ нь нефтийн үнэ хэлбэлзэлтэй байгаа нөхцөлд маш чухал. Эмэгтэйчүүд Саудын Арабын хүн амын бараг тал хувийг эзэлдэг. Тэдний идэвхтэй байдал манай орны амжилтын баталгаа” гэж хөрөнгө оруулалтын зөвлөх, шинжээч Тала аль-Жабри өгүүлжээ. Исламын шашны номлолд эмэгтэйчүүдийг хар хувцас өмсөж, нүүрээ халхлах ёстой хэмээн үүрэгдээгүй болохыг угсаа залгамжлах хунтайж Мухаммед хэлдэг.
Тиймээс тус улсын хотуудад нүүр, үсээ халхалсан алчуур зүүгээгүй эмэгтэйчүүд улам олширч байна. Үнэтэй ресторан, худалдааны төв, концертын танхимд тийм эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнд салхилан яваагаас илүү олон. Энэ нь улс төртэй ямар ч холбоогүй, сэтгэл санаа, нөхцөл байдлаас хамааралтай. Үсээ сайхан засаж, янзалсан бол алчуур юунд хэрэгтэй байх гэж.
Гэхдээ хүмүүсийн байр суурь нэг өдрийн дотор өөрчлөгдөхгүй. “Бусад улсад шинэчлэл хийхэд хүн ам нь шууд дэмждэг гэж үү?” хэмээн Агаарын цэргийн хүчний чөлөөнд гарсан генерал, улс төр судлаач Абдалла бен Ганим аль-Гахтани лавлав. Түүний үзэж буйгаар шинэчлэлээрээ улс нь хүн амдаа энгийн зүйлсийг, тухайлбал, баялгаа гамнах, орлогоо хуваарилж сурахыг ойлгуулахыг эрмэлзэж байна.
“Юмны үнэ өндөр байна хэмээн гомдоллох. Гэсэн хэрнээ гэрээсээ гарахдаа агааржуулагчаа яагаад асаалттай орхидгоо бод. Хоёр хүн хооллохын тулд бүтэн хонь гаргах хэрэг байна уу? Бүх зүйлд ухаалаг хандлага хэрэгтэй” хэмээн тэрбээр тайлбарлалаа.
Хэрэгжүүлж буй шинэчлэлд гол нь ямар нэг тусдаа алхам хийх нь бус, саудчуудын ертөнцийг хийгээд өөрийгөө үзэх үзлийг буюу сэтгэхүйг өөрчлөх нь чухал гэж генерал үзэж байна.
ХААНТ УЛСЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Саудын Арабын иргэд зугаацан цэнгэхдээ урьд нь хилийн чанадыг, тухайлбал, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улсыг зорьдог байв. Олныг хамарсан арга хэмжээг “зовлонгийн уурхай”-д тооцдог байсан цаг өөрчлөгдөж, өдгөө тус улс бүс нутгийнхаа аялал жуулчлал, зугаа цэнгэлийн төв болохыг эрмэлзэх болжээ.
Тухайлбал, Соёлын яам нь 2030 он гэхэд олон танхимтай 350 кинотеатр нээхээр төлөвлөсний зууг нь “AMC entertainment” компани босгох аж. Зугаа цэнгэлийн бүхэл бүтэн хотын барилгын ажил эхэлсэн нь дэлхийд хамгийн том ийм хүрээлэнд тооцогддог “Walt disney world”-той өрсөлдөж магадгүй гэнэ.
Ер нь Саудын Арабаас сүүлийн үед ирж буй мэдээллийн олонх нь “түүхэнд анхны” гэсэн тодотголтой байх болжээ. Тодруулбал, тэнд Ойрхи Дорнодын дуурь, балетын хамгийн эртний бөгөөд томоохон театр болох Каирын дуурийн аялан тоглолт болсон байна. Эндээс үндэслэн Саудын Арабын эрх баригчид өөрийн гэсэн дуурийн театрын барилгын ажлаа эхлүүлсэн гэнэ. Эх орондоо амрахыг сурталчлах учиртай “Хилийн чанадыг зорихгүй байя!” кампанит ажил ч идэвхтэй өрнөж байна.
Энэ онд тус хаант улсын иргэдэд урьд нь төсөөлөхийн аргагүй байсан нэжгээд зүйлийг зөвшөөрсний дотор олон жил шашны эрх мэдэлтнүүд нь эрс хориглодог байсан гэгээн Валентины баярыг тэмдэглэсэн гэнэ. Дөрөвдүгээр сард Арабын загварын долоо хоногийг анх удаа Эр-Риядын тэнгэр баганадсан “Ritz carlton” зочид буудалд тэмдэглэлээ. Тус хот зугаа цэнгэлийн газруудаа хөгжүүлэхэд ойрын ирээдүйд 64 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Саудын Араб түүхэн эргэлтийн цаг үеийг одоо туулж буй нь илэрхий. Араб дахины газрын тосоор баян улс өдгөө өөрчлөгдөхөөс, цаг үетэйгээ хөл нийлүүлэхээс, бас дэлхий дахины гайхлыг ахин дахин төрүүлэхээс эмээхгүй байна.