Facebook компанийн зарим хөрөнгө оруулагчид Марк Цукербергийг захирлын албанаас халахаар төлөвлөж байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь хэрэглэгчдийн мэдээллийг гуравдагч этгээдүүдэд дамжуулсан Цукербергийн буруутай үйл ажиллагааны улмаас Facebook-ийн нэр хүнд огцом унаж буйтай холбогдуулан уг арга хэмжээг авах гэнэ. Гэвч салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэрбээр компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргын албыг давхар хашдаг тул байр суурь нь унашгүй, нугаршгүй бат бэх ажээ. Тэгвэл тус компанийн PR албаны дарга Эллиот Шрейж сайн дураар ажлаасаа гарч байгаа мэдэгдэв. Сэтгүүлчдийн таамаглаж буйгаар 87 сая хэрэглэгчийн мэдээллийг Cambridge Analytica компанид дамжуулсан хэрэгт Шрейж шууд оролцсон тул тэрбээр эрсдлээс сэргийлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ.