Тус улсын хилийн аюулгүй байдал хариуцсан хамгийн дээд албан тушаалтан болох Гааль, хилийн хамгаалалтын албаны тэргүүн Кевин МакАлинан Техас мужид сэтгүүлчидтэй уулзахдаа үр хүүхдээ дагуулан хил зөрчсөн бичиг баримтгүй гадаадынханд хэрэг үүсгэхийг өнгөрсөн долоо хоногоос түр зогсоосон хэмээн мэдэгдлээ.
Энэ нь өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трампын үзэглэсэн хууль бус цагаачдын хүүхдүүдийг тусгаарлах ажлыг зогсоох тухай зарлигийн дагуу хийгдсэн ажил гэнэ. Гэхдээ К.МакАлинан одоогийн засаг захиргааны цагаач, дүрвэгчдийн талаарх байр суурь өөрчлөгдөхгүй, одоохондоо зөвхөн хилийн бодлогоо зөөллөснөөс бичиг баримтгүй хил зөрчигчдийг үг дуугүй нутаг буцаах шийдвэрээсээ буцахгүй гэжээ.
Шинэ журмаар хилийн шалган нэвтрүүлэхийн байцаагчид бичиг баримтгүй хүүхэд дагуулсан насанд хүрэгчдийг хэдийгээр зогсоох ч хэрэг үүсгэлгүй саатуулах бол хүүхэдгүй яваа томчуудад хэрэг үүсгэн шалгах нь хэвээр байх аж. Өөрөөр бол гэр бүлээрээ яваа хүмүүст илүү зөөлөн хандах болжээ. Гэхдээ энэ журмаа хэр удаан хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.