Хэрэв би гадаадад аялбал соёл, зан заншил, хөгжил дэвшлийг нь харуулж чадах, жуулчдад зориулсан газарт хамгийн түрүүнд очно. Аялагчид бүгд л тэгдэг байх. Манай улсын агуу түүх, нүүдэлчин соёл, уудам тал гадаадын иргэдийн сэтгэлийг гижигдэн, нүдээр үзэж, танилцах хүслийг нь төрүүлдэг гэдэг. Гэхдээ улсын маань нийслэл нэг сая хол давсан иргэнтэй, метрополис хот тул жуулчдад бас сайхныг нь гайхуулмаар байх юм. Жуулчид Улаанбаатартай танилцаж, манай улсын онцлогийг харуулах соёл, бүтээн байгуулалт, үгүй ядаж орчин үеийн барилга байгууламжийг сонирхох гэж ирдэг биз. Тэгвэл тэдэнд зориулсан, өөрсдийгөө гайхуулах зүйлс манайд юу байна. Гадаадынхныг нэг өдөр аялуулчих төвлөрсөн газар байна уу.
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Жуулчны гудамж гэх томоос том хаягтай газар байдаг, уг нь. Жуулчид тэндээс юү үзэж, манай соёлтой танилцаж, жинхэнэ утгаар нь жуулчилж чаддаг, эсэхийг мэдэхээр өнгөрсөн долоо хоногт тус гудамжийг зорилоо. Ингэхдээ тэр хэсгээр анх удаа зорчиж буй мэтээр төсөөлөн, юм бүхнийг сонжин, сэтгэлд юу үлдэхийг үзэхээр явсан.
Манай сурвалжлах багийнхны хамгийн эхэлж очсон газар бол нийслэлийн Жуулчны мэдээллийн төв. Пүрэв гарагийн 17.40 цагт тус төвд очиход гаднах хаалгаа дангинатал түгжчихсэн байв. 17.30 цагт ажил тарсан учраас тэр. Ажлын цагаар үйлчлүүлээгүй жуулчны “хохь” болж байгаа нь энэ. Ядаж үүднийх нь жижүүр үлдээд, ирсэн жуулчдад танилцуулга ч болов тарааж болдоггүй юм уу.
Ингээд явган хүний замын эргэлттэй хэсэг, авто замын уулзваруудад байрлуулсан самбараар баримжаалан Барилгачдын талбайн баруун талаар зам хөндлөн гарлаа. Жуулчны гудамжийг үзэх аялал дөнгөж эхлэхэд мэдээллийн хагархай самбар угтав. Мэдээлэл олох санаатай хэсэг харлаа. 2015 онд болсон үйл явдлын зар, хэзээнийх нь үл мэдэгдэх хуучирч гандсан зураг л байв. Цааш явахаар эргэнгүүт шөнийн клуб байна. Жуулчны гудамжаар хотын бусад хэсгийг бодвол гадаадын иргэд зорчих нь их байв. Мэдээж шүү дээ, тэдэнд зориулсан гэх бүхэл бүтэн гудамж байгаа гэж бодоод очихгүй яах билээ.
Шөнийн клубийг өнгөрөөд хэсэг явсны дараа цагаан хоолны ресторан таарав. Тэндхийн гаднах талбайд арав гаруй жуулчин оройн хоол идэж байлаа. Тэд бүгд цагаан хоолтон, эсэхэд эргэлзэн нэлээд дөхөж очоод харахад, зарим нь шарсан тахиа идэж суув. Тэр хавьд оройн хоол идчихмээр олигтой байтугай олиггүй газар ч байхгүй юм чинь жуулчид хооллох хэв маяг нь ямар байхаас үл хамаараад, таарснаа “тууж” буй нь тэр.
Хоолны газрыг өнгөрөөд хэсэг явахад хуучны байрны гуравдугаар давхрын урагшаа харсан тагтанд “Legend hills Mongolia” гэх “мундаг” том нэртэй зочдын байрны үйлчилгээний зарлал байв. Үнэндээ жуулчдад шууд хандсан үйлчилгээ түүнээс өөр байгаагүй шүү. Уг үйлчилгээнээс гадна гадаадын иргэдийн сонирхууштай бас нэг зүйл нь Занабазарын музей. Сурвалжилга хийж байх үед музей хаалгаа хэдийнэ барьсан байлаа.
Хамгийн түрүүнд очсон Жуулчны мэдээллийн төвийн хажуугийн түргэн үйлчилгээний цэгээс авсан усныхаа савыг бид барьсаар л явлаа. Учир нь энэ хооронд хогны сав нэг ч таарсангүй. Явган хүний зам нь ч ааш нь олддоггүй хүний авир мэт дэгэн догон. Бүдрээд унахад гайхах зүйлгүй аж. Ингэж явахдаа газар доороос ёрдойсон цахилгааны утсанд золтой л тээглээд уначихсангүй.
Хотын бусад хэсгийг бодвол энд эртний эдлэлийн дэлгүүр олон юм. Зөвхөн үүнд үндэслэн энэ хавийг Жуулчны гудамж хэмээн нэрлээгүй байлтай. Гэвч тэр дэлгүүрүүд 18.00 цаг дөнгөж өнгөрч байхад хаалгаа барьжээ.
Ингээд үзэхийг зорьсон, өөдтэйхэн гэж бодсон хэдэн газрын хаалгыг “мөргөөд”, цааш Урт цагаан руу алхан, зам хөндлөн гарлаа. Ээ бурхан минь. Булан болгонд нь хог овоорч, хөлчүү хэдэн нөхөр тойроод суучихаж. Хажуугаар нь өнгөрөхөд хамар “ялзармаар” муухай үнэр сэнхийв. Урт цагааны урд талын хаалт дээр хэсэг залуу суугаад, хөзөрдөж байна. Ингэж тоглохдоо хойд хөршийнхнөөс “уламжилсан” хараалыг зогсоо зайгүй шидэлцэнэ.
Үнэндээ “өвгөнтийн” хэмээн цоллуулдаг хөлчүү нөхдөөс тэд илүү аймаар байсан шүү. Урт цагаан байшингийн өнгө үзэмж, гаднах хаягнууд нь яг л хаягдаж орхигдсон балгас мэт царай муутай аж. Хаалга болгон нь “харуултай”. Үүдэнд нь нэг, хоёр согтуу хүн сууж байна. Гэрэл зургийн аппараттай биднийг өөрийг нь ажиглаж байна гэж мэдсэн нэг нөхөр амандаа үглэж, араас шалхийтэл нулимж орхив.
Түүнээс дөлж, тойроод “Алт мөнгөний дархан” гэсэн хаягтай хаалганаас гарч ирсэн эмэгтэйгээс тус гудамжны нэрийг мэддэг, эсэхийг сонирхов. Г.Дэлгэрцэцэг “Энэ хавийг Жуулчны гудамж гэж нэрлэдэг хэрэг үү. Урт цагаан, “Бөмбөгөр” зах орчмоор жуулчдыг аялуулах нь зочноо гэртээ урихаас өмнө гаднах жорлонгоо үзүүлж байгаагаас өөрцгүй биз дээ. Иймэрхүү нөхдийг гайхуулах гэж нааш нь авчирч байгаа юм уу (нөгөө согтуу хүнийг заав).
“Үүргэвчтэй аялал” гэдэг нэвтүүлгээр гардаг жуулчдад зориулсан газрууд чинь хачин сайхан, өнгөлөг гэж жигтэйхэн байх юм билээ. Магадгүй валют арилжааны төвлөрсөн цэг байдаг болохоор жуулчид энэ хавиар явах байх гэж бодсон ч байж мэдэх юм. Зуны улиралд ядаж энэ хавийг нэртэй нь зохицохоор болгон өөрчилмөөр юм” гэв.
Жуулчны гудамж хэмээх нэр нь бодит байдлаас хол зөрсөн энэ газрыг анх Худалдааны гудамж гэдэг байж. Одоогийн Барилгачдын талбайгаас баруун тийш Урт цагаан, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд талын авто замын уулзвар хүртэл худалдааны захууд байсан тул ийн нэрлэх болжээ. Хүнс, мах, төмөр, мод, чулуу, алт, мөнгөний төрөлжсөн зах байснаас гадна Монголын гар урчууд, Хятад, Орос тэргүүтэй гадаадын худалдааны пүүсүүд байсан гэнэ.
1954-1961 онд хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр Худалдааны гудамжийг өргөтгөж, хойд хэсэгт нь архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр Хоршооллын худалдаа үйлчилгээний нэгдсэн төв барьсан нь одоогийн Урт цагаан юм байна. Түүнээс хойш энэ гудамжийг 1970 онд Октябрийн, 2002 оноос Жуулчны гудамж гэж нэрлэжээ.
Чухам юуг үндэслэн, яагаад энэ хэсгийг Жуулчны хэмээн нэрийдэх болсныг тодруулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанынхнаас лавлахад “Ерөнхий төлөвлөгөөний газар уг ажлыг хариуцдаг болсон” гээд “бултав”. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнийхөн харин “Хуулийн байгууллагаас шалгалт ирсэн тул энэ талаар тайлбар өгөх хүн байхгүй” гээд халгаасангүй.
Хотын төвийн хамгийн бохир, замбараагүй газраа жуулчдад гайхуулахаар товлосон нь манай нийслэлийн удирдлагуудын гаргасан бүтэлгүй шийдвэрүүдийн нэг. Эсвэл улсынхаа нэр хүндэд санаатайгаар халдаж, хорлосон явдал гээд шуудхан хэлж болохоор. Тэд ямар ч судалгаагүйгээр хаа таарсан газартаа хэдэн гэрэл асаачихаад “Гэрэлт гудамж” гэж нэрлэсэн.
Тэгвэл Урт цагаан, “Бөмбөгөр” хавьд жуулчдад зориулсан, цогц үйлчилгээтэй ядаж ганц газар нээчихээд Жуулчны гудамж гэж хаягламаар юм. Үгүй бол энэ бодит байдлаасаа тас зөрсөн гудамжныхаа нэрийг соль. Тэгэхгүй бол үнэн төрх нь өвгөнтийн хөндий мэт уг гудамж манай улсын аялал жуулчлалын салбарыг гутааж байна. Бид жилд нэг сая жуулчин хүлээж авах үлгэртэйгээ олон жилийг үдсэн. Өнгөрсөн онд ойролцоогоор 471 мянган жуулчин манайд зочилсон гэх тоо бий. Ирсэн зочдодоо хамгийн муухай газраа үзүүлээд буцааж байхад энэ тоо хэзээ ч өсөхгүй, харин ч буурах биз.
Бэлтгэсэн: А.Сүлд