ХАРИУЦЛАГАГҮЙ, СЭТГЭЛГҮЙ ТОМЧУУДЫГ УУЧЛААРАЙ, ХҮҮ МИНЬ
Хэнд ч гэм хийгээгүй, зүгээр л ханатлаа тоглох хүсэлдээ хөтлөгдөн дэгдэж явсан хүү сургуулийнхаа хашаанд золгүй байдлаар амиа алдана гэдэг хайхрамжгүй хандаж, ингээд л мартаж орхих явдал мөн үү, Ц.Цогзолмаа сайд аа. Өөр ямар нэг газар биш, аюултай, эрсдэлтэй, явахыг хориглосон цэг бүр ч биш, өөрт нь хамгийн дотно санагддаг, хоёр дахь гэр шигээ ээнэгшиж, юу юунаас түрүүлж зориод очдог сургуулийнх нь хашаанд амийг нь авах аюул отож байгаа гэж жаал хүү зүүдлээ ч үгүй байх даа. Хэдхэн минутын өмнө утсаар ярьж, зайрмаг захисан хүү аавыгаа ирэхэд энэ орчлонд байхгүй болсон байхыг, хөөрхий аав идэх эзэнгүй зайрмагийг хайлж, урссаар дуустал нь гартаа тас атган суухын энэлэнг та төсөөлж үзэв үү.
Хэний ч үр, эрдэнэт хүмүүний төрлийг олж, энэ ертөнцөд мэндэлсэн хэн ч ялгаагүй гэдэг сэн. Гэтэл хүүгийн сурдаг байсан сургуулийн захирал “Тэр хүү эмзэг бүлгийнх. Ээж нь орхиод явсан, аав нь архи уудаг” гэж хээв нэг яриад, бараг л үхсэн ч гарзгүй хүүхэд байсан гээд хэлчихсэн байхыг хараад дотор харанхуйлж л суулаа.
Хүүхдийн амь үрэгдчихээд байхад болж өгвөл өөрийгөө буруугүй, хүүг буруутай харагдуулахаар оролдох үхээнц сэтгэлтэй хүн хүүхэд шуугисан их өргөөнд “эзэн сууж” байсан гэхээр гол харламаар. Мулгуу, сэтгэлгүй, хүйтэн хөндий, арьсаа хамгаалж, албан тушаалдаа үлдэхийн тулд хэнийг ч юу ч гэж хэлж, хэргийг хааш нь ч эргүүлэхээс буцахгүй хүмүүсийн төлөөлөл тэр захирлын үгнээс энэ нийгмийн байгаа царай нэвт харагдсан.
Уг нь энэ хэргийн тухайд анхаарал хандуулах ёстой гол зүйл нь захирлын хэлсэн үг биш л дээ. Өр өвдөж, гол харлам харамсалтай явдлын дараа олон олон ээж, аав сургуулийн орчин дахь аюулгүй байдал, тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн бүрэн бүтэн, эсэхийг шалгаж, үнэлэлт дүгнэлт гаргах, стандарт нормыг нь мөрдүүлэн засвар үйлчилгээ хийх талаар дорвитой арга хэмжээ аваасай гэж хүссэн. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мөнөөх захирлын үгэнд л хүмүүсийн анхаарлыг төвлөрүүлсээр хэргийг замхруулахаар шийдсэн бололтой.
Тэрбээр “Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд арга хэмжээ авна” гэснээс өөр зүйл дуугарсангүй. Удалгүй Нийслэлийн боловсролын газраас “Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан” хэмээгээд ажлаас нь халсан гэсэн мэдээ тараасан байна билээ.
ЭНЭ САЛБАРТ СЭТГЭЛЭЭС ӨӨР ЗҮЙЛ ДУТААГҮЙ
Ц.Цогзолмаа сайд аа, магадгүй таны хүүхэд орчин нөхцөл сайтай, стандарт, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан сургуульд сурдаг байх. Харин олонх монгол ээж 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайнх шиг хаалга өөр сургуулиудад байх вий гэхээс үнэн голоосоо айж, түгшиж байна. Бид хүүхдээ сургуульд нь хүргэж, багшид нь хүлээлгэж өгчихөөд санаа амар, итгэл дүүрэн хүлээж суухыг хүсэж байна. Гэвч таны хариуцсан салбар, сургууль, цэцэрлэгийн орчинд итгэж найдах арга алга.
Дайн дажингүй амар тайван орныг онож төрж, эрүүл саруул өсөн торниж байгаад өөрт нь хамгийн ээлтэй байх учиртай сургуулийнхаа хашаанд цаг бусаар хорвоог орхих явдал цаашид бүү гараг хэмээн залбирахаас өөрийг жирийн ээж би хийж чадахгүй. Харин та бол энэ салбарыг хариуцсан сайд. Бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, шийдвэр гаргаж, арга хэмжээ авах бүх боломж гарт тань бий учир өөртэйгөө адил айдас түгшүүр тээж байгаа олон ээжийн өмнөөс танд хандаж, энэ улсад энх тунх явах баталгаа, ядаж л хүүхдээ хичээлд нь хүргэж өгчихөөд санаа амар суух нөхцөл бий болгоход анхаарч, дорвитой ажил эхлүүлэхийг эрхэм сайдаас хүсэж байна.
Гадаад орчноо стандартын дагуу тохижуулсан сургууль нийслэлд нэг ч байхгүй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Сургуулийн орчинд хүүхдүүдийг аюулгүй байлгахад хангалттай анхаардаггүйн нэг илрэл нь зам тээврийн осол. 2010-2016 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7410 хүүхэд өртсөн. Энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 300 хүүхэд амиа алдаж, 7110 хүүхэд хүнд, хөнгөн зэргийн гэмтэл авсан гэсэн тоо бий.
Хамгийн сүүлийн буюу 2017 оны статистикийг харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1018 бүртгэгдэж, ослын улмаас 59 хүүхэд амь эрсдэн, 205 хүүхэд хүнд болон хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн гэмтжээ. Дээрх тоог өнгөрсөн оныхтой харьцуулбал нас барсан хүүхдийн тоо 18 хувиар өссөн гэсэн үзүүлэлт гарна. Сүүлийн долоон жилийн хугацаанд нийслэлийн төвийн хоёр сургуулийн нийт сурагчийн тоотой тэнцэх хүүхэд зам тээврийн осолд өртөж, нэгэн томоохон сумын сургууль эзгүйрэх дайны ослоор амиа алджээ. Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осолд өртсөн гэсэн судалгаа ч бий.
Дайн дажин болж, үргэлжийн айдас түгшүүр дунд амьдардаг улсад ч жилд ийм олон хүүхэд золгүй байдлаар амиа алддаггүй хэмээн халагладаг. Сайдын төдийгүй эх хүний хувьд анхаарал хандуулууштай энэ мэтийн олон асуудал салбарт тань бий. Бүхнийг жижиг эрх ашиг, зоосны нүхээр харж ирсэн улстөрчдийн балгаар жил өөд нь татах эзэнгүй 30 шахам явсан боловсролын салбар, сургууль, цэцэрлэгийн орчинд үнэлэлт дүгнэлт өгч, засаж сэлбэх ажлыг дорвитойхон эхлүүлэх эхийн сэтгэл танд бий гэж найдан, хүлээсээр суугаа шүү. Иргэндээ ээлгүй Монголын нийгмийн хамгийн том төлөөлөл нь таны хариуцсан салбар болчихоод байгааг тунгааж нэг үзээрэй.
Хоёр жил гаруйхны хугацаатай бүрэн эрхийн чинь тал нь өнгөрлөө. Ажил хийх хугацаа улам багассаар байна. Хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулдгийг эргэж харна гэх мэтээр дэмийрч байхаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгт хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлчихвэл таны гавьяа болох байх. Боловсролын салбарын үе үеийн удирдлага асуудал тавихаар л мөнгөгүйн зовлон ярьсаар олон жилийг үдсэн.
Харин та төсвийн хөрөнгөнөөс ч, гадаад, дотоодын зээл, тусламж, төсөл хөтөлбөрөөс ч хамгийн их мөнгө шингээсэн салбар нь боловсролын салбар гэдгийг хүлээн зөвшөөрнө билээ. “27 жилийн хугацаанд тоог нь хэлбэл ард иргэдийг цочоохоор их мөнгөтэй төсөл боловсролын салбарт хэрэгжсэн байна. Үр дүнг нь аваад үзэхээр жижиг жижиг эрх ашиг л байдаг. Тухайлбал, эцэг эхийн зөвлөл байгуулах ажлыг гаднын төслөөр хийх ямар хэрэгтэй юм бэ.
Өөрсдөө хийчих боломжтой энэ ажилд 500 мянган ам.доллар шийдэгдээд өнгөрсөн байна” гэж өөрөө ярьсан. Завтай, идэвхтэй хэдэн эцэг, эх нийлчихээд баяр ёслолоор ангийн багшид бэлэг авч өгөх мөнгө цуглуулдаг, заримдаа өөрсдөө нийлж хөгжилдөөд явчихдгаа ангийн эцэг, эхийн зөвлөл хэмээн хөөргөн нэрлэдэг болоод хэдэн жилийн нүүр үзэж буй. Гэтэл тэр нь 500 мянган ам.доллар буюу 1.2 тэрбум төгрөгөөр хэрэгжсэн төслөөс Монголд үлдсэн үр дүн байх нь. Энэ салбарт сэтгэл л дутаад байгаагаас мөнгө дутаагүйн жишээ энэ.
Танд ч бас сэтгэл дутуу байгааг “Авто ослоос үүдсэн замын түгжрэлээс болж ЭЕШ-наас хоцорсон хүүхдүүдийг дахин оруулах боломжгүй” гэсэн хатуу байр суурь тань илчилж байгаа юм биш биз. Боловсролын салбарыг удирдаж буй хүн өөрсдөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлаас болж шалгалтаас хоцорсон хүүхдүүдийг дахин шалгалт өгөх боломжоор хангахын оронд “Өмнөх жилийнхээс цөөхөн хүүхэд хоцорсон тул дахин шалгалт авахгүй” гэж хэлэх нь байж болох зүйл мөн үү. Дэлхий нийтийн хөгжил минут, секундээр хэмжигдэж буй өнөө үед энэ хүүхдүүд бүтэн нэг жилийг хий дэмий өнгөрүүлнэ гэдэг ямар харамсалтайг та бэлхнээ мэдэж байгаа шүү дээ.
Бэлтгэсэн: А.Амина