Сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад амиа алдсан сурагч хүүгийн араас цөөнгүй хүн эмгэнэл илэрхийллээ. Гэхдээ тэдний дунд чин сэтгэлээсээ гашуудаж, харамсаж байгаа хүн бараг л алга. Бүгд л ёс төдий эмгэнэл илэрхийлээд, “Ажлын хэсэг гаргаж шалгуулна”, “Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байна”, “Сургуулийн удирдлагад хариуцлага тооцно” гэсэн. Төрийн зарим алба ч ийм утга, агуулгатай мэдээ, мэдээлэл цахим хуудастаа нийтэлсэн.
Тухайлбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, харуусаж буйгаа Засгийн газрын өмнөөс илэрхийлэв. Тэгээд хэрэг гарсны маргааш буюу 19-ний өдөр ажлын хэсэг гаргаж, хүүгийн амиа алдсан шалтгааныг тодруулуулаад, эл явдал хөлбөмбөгийн хаалганы нэг талын тулгуур төмөр байгаагүйн улмаас үүдэлтэйг мэдсэнээ хэлэв.
Тэрбээр “Хэдийгээр хичээл амарсан ч тоглох талбайгүйн улмаас хүүхдүүд тэнд очжээ. Тэр төмөр алга болсныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлага мэдээгүй байж. Анзаарч, засах нь тэдний үүрэг. Сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ тухайн хүүхдийн талаар ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Захиралд болон сургуулийн жижүүрт хариуцлага тооцно. Хүүхдийн амь үнэтэй, ард гэрийнхэнд нь хэцүү байгаа. Ийм хэрэг гарсанд харамсаж байна, эмгэнэл илэрхийлье” гэв.
Яаж дутахав гэсэн байдалтай, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрынхан ухаан оров уу гэлтэй цагдаагийн байгууллагынхантай хамтран мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ “Хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өөрсдөө ч гэмт хэрэг үйлдэх боллоо. Мөн хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлж байна” гэдэг асуудлыг хөндөв. Мөн сүрдмээр олон тоо, баримт дурдсан. Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд хурдан морины уралдаан 397 удаа зохиож, давхардаагүй тоогоор 10 435 хүүхдээр морь унуулжээ.
Тэдний 629 нь мориноос ойчсон гэнэ. 160 нь бэртэн, гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр нь нас баржээ. Мөн өнгөрсөн онд сэтгэл санааны хүчирхийлэлд 424, бэлгийнхэд 187, бие махбодынход 299 хүүхэд өртжээ. Эдгээр хэргийн 70-80 хувь нь эцэг, эхийн хараа хяналт сул, төрийн байгууллагуудын уялдаа, холбоо тааруугаас үүдэлтэй гэж тэд хэлэв.
Энэ тухайгаа “Хүүхэд хамгааллын хамтарсан багууд санхүүжилтгүй байна. Түр хамгаалах байр хомс. Эцэг, эхчүүд хариуцлагаа өндөрсгөх шаардлагатай байна. Хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисны улмаас гэмт хэргийн золиос болж байгааг ойлгох хэрэгтэй. Бид ирэх жилээс хамтарсан багуудад ахиу хөрөнгө төсөвлүүлэх болсон. Уг нь үүнийг Засаг дарга нар хийх ёстой. Тиймээс бид сум, дүүргийн Засаг дарга, холбогдох албаныхныг сургалтад хамрууллаа.
Түүнчлэн хүүхдийн даатгалын санг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ бол зургадугаар сарын 1-нд хүүхдүүддээ барьсан хамгийн том бэлэг болсон. Үүнээс гадна сургуулийн орчныг сайжруулахаар “Жишиг сургууль” төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө нийслэлийн хоёр сургуульд туршиж байгаа. 2019 онд цөөнгүй сургуулийн орчин, нөхцөлийг хүүхдэд ээлтэй болгоно. Ер нь төрийн байгууллага уялдаа холбоогоо сайжруулахгүй бол хүүхдүүд хохирсоор байх нь” гэсэн юм.
Нийслэлийн удирдлага ч мөн үүнээс хоцорсонгүй. Мэргэжлийн хяналт, Боловсролын газрын мэргэжилтнүүдээс төлөөлөл оруулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, хэргийн учрыг яаралтай олох үүрэг өгчээ. Тэд шалгалтынхаа дүнг өнөөдөр танилцуулах юм гэсэн. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл энэ талаар “Бид нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэх зорилготой ажиллаж байна. Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх, үүргийг зааж өгсөн байдаг. Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах зэрэг үүрэг хүлээхээр заасан. Ажлын хэсгийн дүгнэлтээр бүх зүйл тодорхой болно” гэв.
Энэ мэтээр үйл ажиллагаа нь хүүхэдтэй холбоотой бараг бүх байгууллага ийм хэрэг гарсанд эмгэнэл илэрхийлж, тэдэнд ээлтэй орчин алга хэмээн шаагилдлаа.
ЦЕГ болон Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрынхан хамтарсан мэдээлэл хийх үеэр
БСШУС-ын сайд болон холбогдох албаныхан эмгэнэл илэрхийлсэн нь нийгэмд таатай сэтгэгдэл төрүүлсэн байлгүй. “Тэр хүү зорилтод бүлгийнх. Ээж, аав нь салсан. Аав нь архины хамааралтай” хэмээн “Өнчин, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхэд үхэхэд гарзгүй” гэсэн аястай зүйл ярьсан сургуулийн захиралд хариуцлага тооцуулах болсон нь бага ч болтугай тайтгаруулаа биз. Гэхдээ хүмүүс айдастай хэвээр, албан тушаалтнуудын харамссан царайлах нь нүдэнд нэг л тусаж өгсөнгүй. Холбогдох хүмүүсийн хэн нь ч ийм харамсалтай осол дахин гарахгүй байхын тулд ямар арга авах шаардлагатайг ярьсангүй, зүгээр л “шоудчихлаа” гээд хэлчихэд нэг их буруудахгүй.
Хэдэн жилийн өмнө хайрга, дайрга олборлохоор ухсан нүхэнд ах, дүү хоёр живсэн удаатай. Тухайн үед холбогдох албаныхан мөн л ингэж “гаслаад”, дахин ийм осол гарахгүй байхад бүх талаар анхаарна гэж ярьж байсан. Гэтэл хэдхэн өдрийн өмнө зам, гүүрийн ажил хийхээр босгосон шороон далангийн тогтоол усанд 11 настай хүү живэв. Хөлбөмбөгийн хаалганд даруулсан хүүгийн хувь заяаг дахин хэн нэгэн давтахгүй гэдэгт эцэг, эхчүүд яаж итгэх вэ. Захирал, манаач хоёроор “туг тахиад” л өнгөрөх биш, сургуулийн орчин, нөхцөлтэй танилцсан нь дээргүй юү, эрх, дархтнууд аа.
Хэрэв гадаадын улсад ийм хэрэг гарсан бол салбарын сайд байтугай, холбогдох албаныхан гээд бүгд хариуцлагад татагддаг юм билээ. Тухайлбал, 79 дүгээр сургуулийн хашаанд тоглож байсан хүү амиа алдахын өмнөх өдөр Японы Осака хотод газар 6.2 баллын хүчтэй хөдөлж, есөн настай сурагч охин усан сангийн хашаанд даруулж эндсэн тухай мэдээлэл цацагдсан юм. Шалтгааныг нь тогтооход тухайн хашааны өндөр 2.2 метрээс дээшгүй байх ёстой гэсэн стандартаас хэтэрсэн нь илэрч хотын дарга болон холбогдох албаныхан, боловсролын газрын удирдлага нь хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байгаа юм.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнөөс хариуцлага хүлээж байгаа нь энэ. Төрийн албаныхан нь иргэнээ гэсэн сэтгэлтэй учраас иргэд нь аз жаргалтай, аюулгүй амьдардаг биз. Тэдэн шиг ажлаа өгч, гудамжинд толгойгоо гудайлган зогсдоггүй юм гэхэд, тухайн орчны тохижилт стандартад нийцэж үү, үгүй юү гэдгийг нүдээрээ харах нь зүйд нийцэх биз. Үгүй дээ л холбогдох албаныхнаар сургууль, цэцэрлэгийн гаднах талбайн аюулгүйн зэргийг тогтоолгож, хичээлийн шинэ жилээс өмнө засуулах хэрэгтэй шүү дээ. Сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн эд зүйлсийг төмрөөр хийсэн, тэр нь хэзээ мөдгүй салж унахад бэлэн байгаа, очоод хараарай. Ер нь хүүхэд бужигнаж байдаг газруудад төмөр хэрэгсэл, тоглоом байрлуулсан манайх шиг улс тун цөөн.
Байрныхаа гадаа тоглож байсан хүүхэд цементэн шалан дээр унаж, тархиа хагалсан, эвдэрхий тоглоомонд гар, хөлөө хүү татсан аймшигтай мэдээ өдөр бүр дуулдах юм. Үнэндээ аав, ээжүүд хүүхдүүдээ гэрээсээ гаргахаас ч зүрхшээх боллоо. Тоглох гээд гарсан хүүхдээ эндчих вий хэмээн айцгааж байна. Өөрт нь хамгийн ээлтэй, аюулгүй байх ёстой, хүссэнээрээ гүйж, харайсан ч болох сургуулийн орчинд хүүхэд амиа алдчихаад байхад эмээхгүй гээд яах вэ. Өөрөөрөө “тахил өргөж”, сайд, дарга нарт том анхааруулга өгсөн хүүхдийн амийг битгий талаар болгоосой.
Бэлтгэсэн: Б.Номин