Манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийг Малайзын шинэ Засгийн газар сэргээн шалгаж эхэлсэн. Энэ хүрээнд гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн хэрэгт холбогдон цаазын ял шийтгүүлж, улмаар эх орноосоо зугтан Австралид очсон Сирул Азхар Умарыг шилжүүлэн авах хүсэлтээ Малайзын тал тавьсан гэнэ. Малайзын цагдаагийн ажилтан энэ эр Австралийн Цагаачдын төвөөс баригдан тухайн орныхоо шоронд ял эдэлж байгаа юм.
Ш.Алтантуяаг хороосон хэрэгт Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакын ойрын түншүүд, гэр бүлийнхэн нь холбоотой учир нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай хэмээн Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад үзээд ийнхүү хүсэлт тавьсан аж.
Харин Малайзын цагдаагийн байгууллагын мөрдөгчид “Нажиб Разакын шадар туслах Разак Багиндаг энэ хэрэгт холбогдуулдаг ч, мөрдөн байцаалтын явцад үнэн хэрэгтээ Ерөнхий сайд асны эхнэр нь холбоотой, захиалгаар хөнөөлгөх даалгавар тэр хүн өгсөн байж болзошгүй хэрэгт сэрдэгдэж байгаа” хэмээн зарим хэвлэлдээ мэдээлсэн байна.