Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригаас эхлэн гурав хоногийн турш хэлэлцлээ. Нийслэлийн Прокурорын газраас дээрх хүмүүст эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалан хэлэлцсэн хурлаас төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
Дээрх хүмүүсийг онц их хэмжээний хохирол улсад учруулсан гэж буруутгасан бөгөөд уг хэрэгт холбогдон шалгуулж байсан Зам, тээврийн сайд асан, өдгөҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ТӨХ-ны дарга байсан Д.Цогтбаатар нарт холбогдох үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон билээ.
Энэ хэрэгт анх ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн бөгөөд П.Бат-Эрдэнэ нь хил давж явсан учраас Интерполоор эрэн сурвалжилж, улмаар энэ хүмүүст холбогдох үйлдлийг нь тусгаарлан, түдгэлзүүлээд буй юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Ли Жон Ёл хувьдаа өөр компани байгуулж, түүнийхээ дансаар 800 гаруй сая төгрөг завшсан гэх үйлдлийг нь шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн бөгөөд хохирогч МТЗ компанийнхан гомдолгүй хэмээснээр улсад учруулсан дээрх хэмжээний мөнгөний 20 хувьд ч хүрэхгүй төгрөгөөр торгох ял оноосон аж.
Бэлтгэсэн: Г.РАВЖАА