Холивүдийн хамгийн алдартай цуврал “Оддын дайн”-ы отгон анги “Хан Соло: Оддын дайн. Түүх” кино алдагдал хүлээх 80 хувийн магадлалтай болжээ. Учир нь тавдугаар сарын 24-нд дэлгэцэнд тавигдсан өдрөөсөө ашиг муутай байж ирсэн бөгөөд 83.3 сая долларын орлогоороо “Марвел” компанийн “Дэдпул-2” киног арай гэж ялан гарааны долоо хоногийн шилдгээр тодорсон. Бусад киночдод бол энэ нь том амжилт байх байлаа. Харин бүх цаг үеийн хамгийн агуу бүтээл “Оддын дайн”-ы хувьд тун чиг чамлалттай үзүүлэлт юм. Киноны маркетингийн асуудлыг хариуцагчдын баталсан төлөвлөгөөгөөр Америкийн зах зээл дэх эхний долоо хоногийн орлого 130 саяд хүрэх байсан ч бодит ашиг 100 саяын босгыг давахгүй байх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Харин оны энэ цаг мөчид нээлтийн хийн хамгийн их орлого олсон дээд амжилтыг 2007 онд бүтээгдсэн “Карибын тэнгисийн дээрэмчид: Ертөнцийн хязгаарт” кино 139.8 сая долларын орлогоороо эзэмшиж байна.
“Хан Соло: Оддын дайн. Түүх”-ийн гадаад зах зээл дээрх үзүүлэлт бүр ч тааруу буюу 65 сая байгаа нь тус кино “Оддын дайн” цувралын хамгийн амжилтгүй бүтээлээр тодрох магадлалыг улам нэмэгдүүллээ. Хэрэв байдал энэ хэвээр байх аваас кино өөрийн анхны төсөв болох 250 сая доллароо нөхөж чадахгүйд хүрэхээр байна. 250 сая долларын төсөв нь найруулагчийн холио сэлгээ, үйлдвэрлэлийн нэмэлт зардлын улмаас 300 саяд хүрсэн гэдгийг Холивүдийн кино мэргэжилтнүүд онцолж байгаа бөгөөд үүн дээр рекламны компанит ажлын 100-150 саяын зардлыг нэгтгэх аваас “Хан Соло: Оддын дайн. Түүх”-ийн жинхэнэ төсөв доод тал нь 400 сая доллар болж байна. Тэгвэл гараанаасаа авахуулаад тааруу амжилт үзүүлж байгаа тус кино энэ төсвөө нөхөж дийлэхгүй нь тодорхой болжээ.