Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу 5 дугаар сарын 29-нд Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл явдал давхцдаг их дүйчэн өдөр тохиодог. Бурхан багшийн их дүйчэн өдөр хураасан буян бум түмээр үржиж, хураасан нүгэл мөн бум түмээр үрждэг тул Монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлийн нүглийг санан санан боомилж, хамаг амьтны тусад гэгээрлийн хутгийг олъё гэсэн хүчтэй хатуу сэтгэлээр ачлалт орон болох Багш, эцэг эх, гэр бүлийнхэн, эрдэмт орон болох Бурхан, ном, лам хувраг, зовлонт орон болох өвдөж зовсон, ядарч зүдэрсэн хүн болон амьтанд шүтэж буян хураадаг билэг оюунт, энэрэхүй сэтгэлтэй ард түмэн юм.
10 ЦАГААН БУЯН: Арван хар нүглийг тэвчвээс арван цагаан буян болдог.
Товчлон хураангуйлбал: 1. Амь таслахыг тэвчин амьтны амь аврах.
2. Эс өгснийг авахыг тэвчин өглөг өгөх.
3. Буруу хурьцал үйлдэхийг тэвчин сахил санваарыг сахих.
4. Худал ярихыг тэвчин үнэн зөвийг өгүүлэх.
5. Хов үг өгүүлэхийг тэвчин зүй зохистойг өгүүлэх.
6. Ширүүн үг өгүүлэхийг тэвчин эелдэг зөөлөн үг өгүүлэх.
7. Дэмий ярихыг тэвчин утга төгс хэрэгтэй зүйл ярих.
8. Хомхой сэтгэлийг тэвчин ханан мэдлийг шүтэх,
9. Хорлох сэтгэлийг тэвчин туслах сэтгэлийг үүсгэх
10. Буруу үзлийг тэвчин Гурван эрдэнэ, үйлийн үрд итгэмжлэх сэтгэл үүсгэх эдгээр нь 10 цагаан буян юм.
10 цагаан буяны тухай дэлгэрэнгүй дурдваас: Өчүүхэн бага буяны үрээс хэмжээлшгүй их амгалан гарах буюу өчүүхэн бага нүглийн үрээс тэсэшгүй их зовлон гарч болзошгүй. Иймд буян, нүглийг бага гэж үзэж болдоггүй бөлгөө. Бусдын хийсэн үйлийн үрийг өөр нэгэн үл эдлэх ба өөрийн хийсэн үйлийг бусдад шилжүүлж үл болох бөгөөд өөрийн хийсэн үйлийг зөвхөн өөрөө л эдлэнэ. Сайн муу бүхний шалтгаан болсон буян, нүглийн үйлийг эс хураавал түүний үр болсон амгалан, зовлонг хэзээд үл эдэлнэ. Үйл нь олон галваар дамжсан урт хугацаанд ч хорогдон алга болдоггүй төдийгүй шалтгаан нөхцөл нь бүрдсэн үед боловсрон гарч ирдэг байна. Арван цагаан буян нь сайн үйл, Арван хар нүгэл нь муу үйл болдог.