Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн зөвлөл өнгөрсөн сарын 24-нд хуралдахдаа “Цахим тоглоомын газ- руудыг хаана” гэж мэдэгдсэн. “PС тоглоом хүүх- дийн эрүүл мэндэд ихээхэн хөнөөл учруулж, гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлж буй учраас ийм шийдэлд хүрсэн” хэмээн тэд тайлбарлаж байв. PС тоглоомд автсан хүүхэд, залуус, энэ төрлийн бизнес эрхлэгчдэд эл шийдвэр хүндээр туссан бол цахим “мангас”-ын эрхшээлд ойр дотнынхноо алдсан хүмүүс алга ташин хүлээж авсан юм. Хүүхдийн зөвлөлийнхөн ийм сүржин мэдээлэл хийж, шуугиан тарьснаас хойш сар болов.
Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг шалгасан, хаасан тухай сураг ажиг ер дуулдсангүй. Тэд шийдвэрээ эргэж харахаар болсон уу, эсвэл “Нэг сайхан нартай өдөр хэрэгжүүлнэ дээ” гэж алгуурлаж сууна уу, бүү мэд. Үүнтэй холбогдуулан манай сурвалжлах баг ийм үйлчилгээний газруудаар “аялсан” юм. 24, 25 настай болов уу гэмээр залуус биднийг анзаарах сөхөөгүй цахим баатруудтай “тулалдаж” сууна. Зарим нь үүдний хөргөгчнөөс ундаа, ус аваад, суудалдаа тухалж байгаа харагдав.
Биднийг ороод удаагүй байтал дөрөв, тавдугаар ангийнх баймаар хүү PС ажиллуулдаг залуу хоёрын хооронд ширүүхэн маргаан үүслээ. “Толгойлогч” залуу “Үгүй гэж чамд хэдэн удаа хэлэх юм бэ. Дараа нь тэгээд асуудал үүсдэг биз дээ. Би ажлаа хиймээр байна” хэмээн ихэд түвэгшээхэд өнөөх хүү “толгойгоо ганзагалан” гарч одлоо. Юу болсныг залуугаас асуухад “Гэр нь энүүхэнд байдаг юм. Өдөр бүр манайд тоглодог. Ээж, аав нь мэддэг. Хоёроос илүү цаг тоглуулж болохгүй гэж тохирцгоосон. Мань хүн байнга ингэж, цаган дээрээ унждаг” гэв.
Энэ бол Сүхбаатар дүүргийн нутаг, XI хороололд байрлах, тэр хавьдаа нэлээд “алдартай” цахим тоглоомын газар. Алдартай гэж тодотгосон учир нь, эднийх цагийн хуваариа яг таг баримталдаг, үйлчлүүлэгчдэдээ хатуу шаардлага тавьдгаараа зартай аж. Ойр орчимд оршин суудаг хүмүүс нь ингэж хэлсэн юм. XII ангийн дүү минь цахим тоглоомд донтогчдын нэг. Тэр байсхийгээд л хонуут өнжүүтээр алга болдог, утас, пүүз, хүрэм гээд өнгөтэй өөдтэй бүхнээ найзуудтайгаа нийлж, ломбарданд тавиад хүслээ биелүүлдэг. Бие засаад ирье, дэлгүүр явлаа гэж гараад л маргааш нь ирнэ.
Цахим тоглоомын хор уршгийг бид хэн хүнээс илүү мэдэх болсон. Ийм бизнес эрхэлдэг хүмүүсийг яаж ч хичээгээд зөвтгөх шалтгаан олддоггүй, тоглоомын газруудын дүр байдлыг ч бараанаар төсөөлдөг. Харин бидний очсон эхний газар энэ ойлголтыг бага ч гэсэн эерүүлсэн юм. Чимээ шуугиан бага, сандал нь зөөлөвчтэй, агааржуулагчтай гээд бусад газартай харьцуу - лахад эднийх тухтай орчин бүрдүүлжээ. Найз нөхдөөрөө тусдаа тоглох VIP өрөөтэй юм билээ. Зааланд нэг цаг тоглоход 1000 төгрөг бол тусгай өрөө нь 1500 аж. “Манайх ажлын өдрүүдэд 09.00-22.00, бямба, нямд 10.00-23.00 цаг хүртэл ажилладаг.
Үүнээс эрт нээнэ, хаана гэж байхгүй” хэмээн ажилтан залуу хэлэв. “PС тоглоомын газруудыг хаах шийдвэрийг та хэрхэн хүлээж авч байна вэ” хэмээн тус газрын эзэн М.Эрдэнэбаяраас асуухад “Оюуны спорт гэдэг талаас нь таниулж, сурталчилдаггүйгээс хүмүүс PC тоглоомыг жигшиж байна. Эцэг, эхчүүд анхнаасаа хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаад, зохистой хэмжээнд тоглож болно гэж ойлгуулах хэрэгтэй. Болохгүй, битгий гээд тас хориглоод байхаар өнөөх рүүгээ улам тэмүүлдэг, ойртдог. Найзын минь хүүхдүүд хүртэл манайхаар байнга үйлчлүүлдэг юм. “Тоглож болно. Гол нь хязгаартай” гэж анхааруулдаг.
Байнгын үйлчлүүлэгчдийнхээ дунд ашгийн бус тэмцээн саяхан зохиож үзлээ. Олонх нь 18-аас дээш насныхан байна. Ажлынхаа стрессийг тайлах гэсэн найм, есөн залуу орж ирээд, 5-6 цаг тоглодог. Үүнийхээ хөлсөнд 60- 70 мянган төгрөг л төлдөг. Хэрэв тэд шөнийн цэнгээний газар юм уу, уушийн газар орсон бол үүнээс ч илүү мөнгө үрж таарна. Согтууруулах ундаа хэрэглэж, ажил төрлөө алдан, янз бүрийн хэрэгт холбогдохгүй гэх баталгаа байхгүй. Ийм газруудыг шууд хаана гэдэг маш буруу шийдвэр. Хүмүүс биднийг их хэмжээний мөнгө олдог, ашигтай бизнес эрхэлдэг гэж хардаг.
Гэтэл тийм биш. Энэ их тоног төхөөрөмжийг бид зүгээр аваагүй шүү дээ. Хаалгыг нь барина гэж хашхирахын оронд шаардлага, шалгуураа тавиад, босгыг нь өндөрсгөх хэрэгтэй” гэсэн юм. Цахим тоглоомын газар бүхэн эднийх шиг болоосой гэсэн бодол тээн тэндээс гарсан юм. “Цагийг чинь нэмж сунгахгүй” гээд сурагчдыг загнаад, нүүр өгдөггүй хэвээр байгаасай гэж бодов. Бусад газар ч энэ жишгээр ажилладаг бол хүүхэд, залуус гэрээсээ дайжин, хонон өнжин тоглох асуудал дэгдэхгүй.
Бидний очсон дараагийн газар Хил хамгаалах ерөнхий газрын урд байрладаг. “Их засаг” олон улсын их сургууль болон ШУТИС- ийн КТМС-ийн оюутнууд тэнд голдуу тоглодог гэнэ. Гаднаас нь харахад цахим тоглоомын газар гэж мэдэхээргүй, нууцлаг. Харин тэр хавийн хүүхэд, залуус анддаггүйг зэргэлдээх “Мини маркет”-ын худалдагч хэлсэн. “Тоглодог хүүхдүүд идэх, уух зүйлээ манайхаас зөөнө. Зарим нь тамхи сураглана. Хөл хөдөлгөөн ихтэй” гэсэн юм.
Тав, зургадугаар анги болов уу гэмээр хоёр хүү тус газрыг ажиллуулж байв. “Том хүн бий юү, эзэнтэй нь уулзах гэсэн юм” гэхэд “Ажил явдал гараад бид хоёрыг түр орхисон. Та нар ямар хүмүүс вэ” гэж шалгаав. Өөрсдийгөө танилцуулж, учир явдлаа хэлтэл хоёр хүү бажгадан тэвдэж буй нь илт байв. “Танайх хэдэн цаг хүртэл ажилладаг вэ” гэхэд “Манайх эрт хаадаг. Энэ хавиас бид хоёрын үеийн хүүхэд алга болсон гээд хонуулахаа байсан” гэж ам алдав. Уг нь эднийх хаалган дээрээ “10.00-23.00 цагт ажиллана” гээд тодоос тод биччихэж.
Гэтэл хоёр хүү үнэнийг нь хэлж орхив. Харин эзэн нь арай өөрийг ярьсан. Түүнтэй утсаар холбогдоход “Манайх цагийн хуваарийн дагуу ажилладаг. Ийм тийм зөрчил гаргасан удаагүй. Яах гэж яваа юм бэ” гээд бухимдангуй хариулав. “PC тоглоомын газруудыг хаахаар болсон. Та ямар байр суурьтай байна вэ. Холбогдох байгууллагаас танайхыг шалгасан уу” гэхэд “Үгүй. Одоогоор шалгаагүй л байна. Маш буруу шийдвэр. Юм л бол хаана, торгоно гэдгээ болих хэрэгтэй. Дүрэм, журмынхаа дагуу ажиллаж байгаа өчнөөн газар бий” гэсэн юм. Ажиглах нь ээ, тэнд буй хүүхдүүд цөм сурагчид байв.
Санхүүгийн чадамжгүй, эцэг, эхийнхээ халааснаас хараат байдаг тэднийг хэрхэн татахаа тус газрынхан сайтар тооцоолжээ. “Өглөөний урамшуулал 08.00- 13.00 цагт 400 төгрөг болж хямдарлаа” гэж бичсэн байв. 2000 төгрөгтэй хүүхэд тэнд таван цаг тоглох боломжтой аж. Харин эхний газарт ийм мөнгөөр хоёрхон цаг л тоглоно. Гол нь хичээл сургууль ид ордог үеэр ийм урамшуулал зарласан нь бүр ч “но”-той санагдав. Хэзээ мөдгүй яйрч унах нь гэмээр сандал, ширээ, давчуу, бүгчим өрөө гээд таалагдах зүйл ер байсангүй. Ийм орчинд хүүхдүүд хэдэн арван цагаар тоглож, зарим нь хонодог гэхэд аймшигтай.
Сансар, XIII хороолол орчимд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын хэд хэдэн газраар орлоо. Цөм хэвийн үйл ажиллагаа явуулж байв. Тэд Хүүхдийн зөвлөлийн шийдвэрийг буруутгаж, “Хоморголон хаах нь буруу. Хариуц- лага тооцмоор байвал шаардлагаа чангатгах хэрэгтэй” гэсэн санал хэлсэн. Дээрх хоёр газрыг онцолсон нь үйл ажиллагаа явуулж буй орчин, нөхцөл, үйлчлүүлэгчдийн нас, тэдэнд тавьж буй шаардлага гээд олон зүйлээрээ тэнгэр, газар шиг ялгаатай байв. Нэг нь, зориод ирсэн хүн бүхнийг ямар ч шалгуургүй хүлээж авдаг, хэдэн цагаар ч хамаагүй тоглуулж, “эрхлүүлдэг”.
Ийм газрууд л цахим тоглоомд донтогчдыг бойжуулж байна гэхэд хилсдэхгүй. Тэд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, тодорхой цагийн хуваарь, дотоод журамтай гэх ч хэрэг дээрээ түүнийгээ огт баримталдаггүй. Ийм газар олон. Харин нөгөө нь, тохилог орчин, чанга шалгууртай, бусад газартай харьцуулахад өртөг өндөр. Манайд ийм газар хуруу дарам цөөн гэдгийг М.Эрдэнэбаяр хэлсэн.
Хүмүүс PC тоглоомын газрыг зөвхөн ашиг олох зорилгоор нээдэгтэй энэ нь холбоотой гэж тэр тайлбарласан юм. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. ЦЕГ-ынхан энэ үеэр “Хүүхэд алга болсон гэсэн 1047 дуудлага, мэ- дээлэл он гарснаас хойш ирж, 384-ийг нь цахим тоглоомын газраас олж, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Цахим тоглоомын газарт хонодог 500-1000 хүүхэд байгаагийн 150-200 нь насанд хүрээгүй, дэлгэцэд донтох эмгэгтэй байна.
Тэд гэмт хэрэг, зөрчил үйлдэх өндөр магадлалтай учир төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран олон талт арга хэмжээ авч байна” хэмээн мэдээлжээ. Шалгана, хянана, торгоно гэдэг асуудлыг шийдэх гарц биш. Хүүхэд, залуусыг СЭМҮТ рүү сард хэдэн арваар нь явахад хүргэж буй энэ аюултай бид ийм байдлаар тэмцэх хэрэгтэй. Бүгдийнх нь хаалгыг барьдаггүй юм гэхэд, үйлчлүүлэгчдээ хонуулдаг, тэдэнд найр тавьсан “бодлого” баримталдаг газруудыг цэгцлэх цаг болжээ. БНХАУ гэхэд цахим тоглоомын газрууд төдөд нээнэ, хаана гэсэн цагийн хуваарьгүй ч насанд хүрээгүй хүмүүсийг хаалгаараа гишгүүлдэггүй хуультай аж.