ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ард түмэнтэйгээ телевизийн шууд эфирээр ярилцлага хийдэг уламжлалаа энэ жил ч үргэлжүүлнэ. Гэхдээ оны сүүлчээр бус ирэх сард хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тодорхой хугацаа заахаас татгалзсан ч хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хийхээр болсныг дуулгав. Песковын өгүүлсэнээр ярилцлага уламжлалт чиг хандлагынхаа дагуу сэтгүүлчдийн асуултад хариулахаас гадна, нутгийн өнцөг булан бүр дэх иргэдтэйгээ шууд холбогдож санал гомдлыг нь сонсох аж. “Энэ хэлбэр нь улс оронд өрнөж буй үйл явдлыг эхний эх сурвалжаас мэдэж, асуудлыг түргэн шуурхай шийдэхэд ерөнхийлөгч тус болох юм” хэмээн Песков мэдэгдэв. Шууд эфирийн үеэр технологийн шинэ дэвшлүүдийг ашиглахаар зохион байгуулагчид ажиллаж байна.