Айлын гэрээс 250 саяар үнэлэгдэх алтан эмээл хулгайлж, хил давуулсан хүмүүсийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд баривчлан, шалгаж эхэлжээ. Бидний авсан мэдээллээр, өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж явсан, “Шар” Энхээ нэрээр алдаршсан Э.Энхбатынхаас сэжигтнүүд хулгай хийсэн гэнэ.
Баянзүрх дүүргийн XX хорооны нутагт тэдний хувийн сууц, дэргэд нь тахилын гэр байдаг аж. 2017 оны нэгдүгээр сарын 5-7-ны хооронд эзгүй, харуул хамгаалалт сул байх үед тахилын гэрийнх нь тооноор гэмт этгээдүүд орж, хуучны, эрдэнийн чулуун шигтгээтэй алтан эмээлийг авсан бөгөөд хазаар, ташуур зэрэг алтадсан эдлэлийг нь орхисон байжээ. Хохирогч Э.Энхбат эмээлээ “Хамгийн багадаа л 250 сая төгрөгөөр үнэлэгдэнэ” гэснийг эх сурвалжууд баталсан.
Хулгайч орсны дараа цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийхдээ хуруу нь зүсэгдэж, цус болсон бээлийнээс өөр эд мөрийн баримт болох зүйл олоогүй, хяналтын камерын бичлэг ч үгүй хэргийн мөрөөр жил гаруй хөөцөлдсөн гэнэ. Ингээд өмнө нь хулгайн хэрэгт ял шийтгүүлж байсан Б, Д гэх хүмүүс гэмт хэргийг бусдын захиалгаар үйлдсэн болохыг тогтоожээ. Харин тэдэнд Ө гэгч зуучилж өгсөн байж.
Цагдан хоригдоод буй Ө “Би архи ууж байхдаа хулгай хийж байсан гэх мэтээр худлаа ярьсан юм. Тэгтэл энэ хэргийг захиалсан Э “Миний удам дамжиж ирсэн алтан эмээлийг хэн нэг хүн хулгайлсан. Түүнийгээ алдсан аргаараа олж авах гэсэн юм. Байгаа газрыг нь мэднэ” гэжээ. Харин Ө худлаа хэлснээ хүлээж өөр хоёр хүн байгааг хэлсэн байна. Б, Д нар хулгай хийж, машинтай зайдуу зогсоод хүлээж байсан Э, Б нар гэрээс эд зүйлээ аваад гарч ирмэгц нь суулган зугтсан” гэдгээ цагдаагийнханд ярьсан байна.
Түүгээр зогсохгүй эд мөрийн баримт болсон алтан эмээлийг өмнөд хөршийн наймаачдад худалдсан гэдгээ ч мэдүүлсэн гэнэ.