Г.Сарангэрэл гэх бүсгүйг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож шуугиан тарьж байснаар нь олон нийт андахгүй. Тухайн үед хөөрхий охин улс төрчдийн бохир мөнгөний золиос боллоо гэх нэгэн байхад Х.Тэмүүжинг суудлаас унагахын тулд “өгөөш” болгон ашигласан гэх таамаглал ч хөвөрдөг. Тэгвэл дуулиан таригч бүсгүй энэ сарын 18-19-ний шилжих шөнө хар тамхи хэрэглэж байгаад эрүүгийн цагдаагийн ажилтнуудад саатуулагдаад байна. Урд нь хэд хэдэн удаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдож байсан ч зөрчлийн тухай хуулиар торгоод явуулж байсан. Энэ удаад түүнийг үйлдэл дээр нь барихад, хар тамхиа дотуур хувцасандаа нуух гэж оролдсон байна. Одоогоор түүний хэргийг шалгаж байгаа бөгөөд аавын хаалга татах эсэхийг эцэслэн шийдээгүй байна.
Түүний өмнөх хэргийг нь сөхөж үзвэл 2014 оны 3-р сарын 2-нд тэрээр мөн л дөрвөн охины хамт хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан байдаг. Улмаар цагдаагийн байгууллагаас Г.Сарангэрэлийн утаснаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин руу 70, 80 удаагийн дуудлага хийснийг тухайн оператор компаниар нь шүүлгүүлэн тогтоосон юм. Улсын дээд шүүхээс нэг жилийн хорих ял сонссон тэрбээр 2015 оны 4-р сарын 3-нд суллагдсан байдаг.
Өөрийгөө бохир улс төрийн золиос болсон гэдгийг олонд зарлаж, увайгүй улстөрчдийн булайг дэлгэнэ гэж сүрдүүлсэн Г.Сарангэрэл хэцүү нэртээс гарч, ээж болсон ч тэрээр томоожоогүй бололтой.