Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцны зориулалттай 234 барилга байгаа юм. Эдгээр барилгуудад 6321 өрхийн 21500 гаруй иргэд оршин суудаг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаан дүүргийн шаардлага хангахгүй 138 барилгыг буулган, дахин барилгажуулах шийдвэр гарсан. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн орон сууцыг буулган шинээр ашиглалтад орсон “Шинэ гэр түншлэл” ХХК-ны 152 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орлоо.
Гурван талт гэрээгээр өнгөрсөн оны 4 дүгээр сард барилгыг буулгаж, барилга угсралтын ажлыг 12 дугаар сарын дотор хийж гүйцэтгэн 152 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг орон сууцанд хуучин байранд амьдарч байсан 70 өрх хамрагдах бөгөөд өнөөдөр төлөөлөл болсон иргэдэд орон сууцны түлхүүрийг нь гардуулан өгчээ.
Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын дарга Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.