Иргэд дугаарын хязгаарлалтын журамд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй. Тодруулбал, өчигдрөөс буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ныг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласнаар авто замын ачаалал нэмэгдэнэ. Тухайлбал: Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн 4 замын огтлолцол бүхий гүүрэн гарц зэрэг томоохон ажилууд хийгдэх гэж байна. Иймд авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хийх хоёр төрлийн саналыг иргэдээс авсан. Тэгвэл санал асуулгад оролцсон нийт иргэдийн 62.5 хувь нь дэмжээгүй байна. Харин үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөн 30-40 хувь нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.