Гадаадад ажиллаж, ахиу цалин авах гэсэн монголчуудын хүсэл дээр дөрөөлөн залилах явдал буурахгүй нь. Уг нь хууль журмаараа ХНХЯ-ны харьяа агентлаг болох Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас албан ёсны зөвшөөрөл авсан байгууллага гадаадад ажиллах хүч илгээх, зуучлах эрхтэй байдаг.
Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, олон иргэнээс мөнгийг нь залилсан “Хас ган” гэх компанийнхныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I, Чингэлтэйн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тус компанийнхан “Солонгосын визийн шалгалтад тэнцүүлж өгнө, БНСУ-д хөдөлмөр эрхлүүлнэ” гэх нэрээр зөвхөн Сүхбаатар дүүрэгт 40 орчим иргэнийг залилж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Мөн Чингэлтэй дүүрэг болон орон нутгуудад цөөнгүй хохирогч байгаа сурагтай.
Өнгөрсөн намар л гэхэд “Хас ган” компанийнхан Увс аймагт дээрхтэйгээ ижил утгатай зар нааж байхад нь орон нутгийн цагдаагийнхан нягтлаад ХНХЯ-наас тусгай зөвшөөрөлгүй учраас үйл ажиллагаа явуулж болохгүй хэмээн буцааж байжээ.
Гадаадад өндөр цалинтай ажил хийх сонирхолтой хүмүүсийн хүсэл дээр дөрөөлөн энэ мэтээр залилан мэхлэх явдал удаа дараа гарч буй учраас сайтар судалж байхыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн анхаарууллаа.