Монгол бөхийн ноён оргилуудын нэг Дархан аварга бурхан болоод удаагүй байгаа энэ үед бөхийн холбооныхон суудлаа булаацалдаж, өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр халз мэтгэлзлээ. Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн хэн болох нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр байна. Нэг талаас 2018 оны гуравдугаар сард болсон "Их эе" хуралдаанаар байгуулагдаж Дархан аварга Б.Бат-Эрдэний тэргүүлж буй холбоо нөгөө талаас Л.Чинбатаар тэргүүлүүлсэн холбооныхон аль аль нь өөрсдийгөө хууль ёсны холбоо хэмээн мэдээлэл тарааж байгаа юм.
"МҮБХ-ны Тэргүүнээр Л.Чинбатыг сонгосныг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь ор үндэсгүй худлаа" хэмээн өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж буй холбооноос хэвлэлийн бага хурал зарласан юм. Уг хэвлэлийн бага хурлын үеэр Л.Чинбатын тэргүүлж буй холбооны төлөөлөл орж ирэн мэдээлэл хийсэн юм.
Хоёр холбооны байр суурийг хүргэж байна.
Улсын заан Ц.Магалжав "Бид дуугүй байсан хэдий ч өчигдөр Л.Чинбат Монгол телевизийн байранд залуу бөхчүүд хүүхдүүдийг цуглуулан Бөхийн өргөөг хүчээр эзэлж авах талаар ярилцсан байна. Бөхийн өргөөг шатаасан ч яахав хэмээн ярьсан нь биднийг өнөөдөр яаран мэдээлэл хийхэд хүргэлээ.
Улсын дээд шүүхийн 403-р тогтоолын дагуу гэх Л.Чинбат нарын 2017 оны 5-р сарын 28-ны өдөр хуралдуулсан Цэцдийн зөвлөлийн хурал нь өөрөө хууль бус юм.
Тухайн үед албадан хуралдуулахдаа Цэцдийн зөвлөлийн гишүүдийн өмнөөс итгэмжлэл олгох, гарын үсгийг дууриалган зурах, айлган сүрдүүлэх зэрэг янз бүрийн арга хэрэглэн Цэцдийн зөвлөлийн хурлын ирцийг хуурамчаар бүрдүүлснийг тогтоолгохоор манай холбоо шүүхэд хандсан боловч шүүх илт нэг талд шийдвэр гаргасан юм.
Бид гарын үсгийг хуурамчаар бүрдүүлснийг шинжээч томилон шалгуулах гэтэл ирцийн бүртгэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хавтаст хэргээс санаатайгаар алга болгож, уг албаны шийдвэр гүйцэтгэгч Байгалмааг хил давуулан явуулсан хууль бус ажиллагаа болсон юм.
Бид Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан МҮБХ-ны гэрчилгээ, тамга тэмдгийг хууль бусаар давхардуулан олгосон талаар гомдол гаргасан байгаа бөгөөд энэ асуудал дагуу хуулийн дагуу шийдвэрлэгдэх болно" гээд мэдэгдэл гаргаснаа хэллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх "Бөхийн холбоо бол хөгшин залуу гэхгүй бүх бөхчүүдийн нэгдэх ёстой газар. Нас өндөр гээд элэг барина гэвэл гонжийнжоо. Хэчнээн өнөөдөр би нас өндөр гарсан ч гэсэн үнэний төлөө явна" гэв.
Л.Чинбатын тэргүүлж буй бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн М.Хүдэрбаатар "Шүүхээс хурал зохион байгуулж болохгүй гэсэн захирамж гаргасан байхад гуравдугаар сарын 24-нд хурал зохион байгуулсан нь хууль бус. Мөн гуравдугаар сарын 14-нөөс хойш тамга тэмдэг хэрэглэж болохгүй гэсэн шүүхийн захирамж ч байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэр яг одоо миний гарт байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн шийдвэр гээд гурвуулаа байхад яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ. Та бүхэн үнэхээр албан ёсных юм бол бидэнтэй ирээд уулзаад, мэтгэлц гэж албан ёсоор хэлмээр байна" гэв.