Мэргэжлийн Хяналтын байгууллагаас арьс, эмчилгээний гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 56 хувийн хэвшлийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, шаардлага хангаагүй газруудад холбогдох арга хэмжээг авсан талаараа өнөөдөр хэвлэлд мэдээллээ.
Энэ талаар Улсын эмчилгээний зориулалтын ахлах байцаагч Б.Байгалмаа хэлэхдээ "Шалгалтаар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирэн тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эм, эмнэлгийн хэрэгслийг өөрсдөө ганзагаар оруулж ирсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн. Тухайлбал:
1.Сүхбаатар дүүрэг 1-р хороо Олимп гудамж, Шангри-Ла төвийн 2 давхарт байрлах Үлэмжгрийс ХХК-ний Үлэмж клиник эмнэлэг нь ЭХ-17/22/3811дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тус эмнэлэгт Япон улсын иргэн нь гадаадын эмч мэргэжилтний эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
2. Сүхбаатар дүүрэг 1-р хороонд байрлах UBH төвийн 14 давхарын хурлын заал, 401 давхарт байрлах Өлзий дэн ХХК-ний Аллерги мед эмнэлгийн зөвшөөрөл дээр АМ skin care center арьс, эмчилгээний гоо сайхны эмнэлэгт Солонгос улсын иргэд нүүр өргөх болон бие галбиржуулах био –утас суулгах практик сургалт явуулж байсан нь эрүүл мэндийн үзлэгийн карт, нүдний мэс ажилбарын зөвшөөрлийн хуудасгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.
3.Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн долоо нь буюу 16,4% нь эмнэлгийн зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулж байна.
4. Багаж материалын ариутгалыг өөрийн байрандаа хийдэг найман эмнэлгийг шалгахад стандартын шаардлагад нийцэхгүй байна.
5. Хяналт шалгалтад хамрагдсан эмнэлгүүдээс эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд агаарын 42, ариун материалын 43, арчдасын 130 дээж авч НМХГ-ын Төв лабораторит шинжлүүлэхэд агаарын 14.3% /6/, ариун материалын 11.6% /5/, арчдасын 8.5% /11/, нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан.
6. Арьс гоо заслын эмнэлгүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс, эхэсийн тарилга зэргийг хууль бусаар, импортлон, хадгалалтын горим дэглэм зөрчигдсөн нөхцөлд импортлон хэрэглэж байгаа тохиолдол илэрч байна.
Эдгээр зөрчлүүдэд зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж, гурван иргэнд нийт 21.300.000 төгрөгийн торгууль ногдуулж, 750.000 төгрөгийн хууль бус орлого, 5.100.000 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, таван эмнэлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Нийт хоёр байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох тухай саналыг ХУД-ын прокурорын газарт хүргүүлэн, Ноён Оргилын хишиг ХХК-д холбогдох хэрэгт үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоох, эд зүйл баримт бичиг хураах, устгах зэрэг албадлагын арга хэмжээ авч ажилласан. Анжи лазер, Renew, Аesthetic clinic, Мезомед эмнэлгүүдийн холбогдогчдод эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж бүрэн хангуулж ажиллалаа" гэв.
НМХГ-аас олон нийтэд анхааруулахад:
Гоо сайхны үйлчилгээ үзүүлж буй газрууд эмчилгээний мэс ажилбарт холбогдох арьс цоолох үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлгүй болохыг анхааруулж байна.
Нийслэлд тусгай зөвшөөрөлгүй "Эмчилгээний гоо сайхны газар” гэсэн олон байгууллагууд ажиллаж байгаа. Иргэд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхны газруудын ялгааг сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь зүйтэй гэдгийг санууллаа.
Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг биологийн идэвхт эм бэлдмэл гэж худал сурталчилж байгааг сэрэмжлүүллээ. Тухайлбал Alivemax хэмээх энэ бүтээгдэхүүн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ажээ.
Үүнээс гадна Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл авахгүй байхыг анхааруулсан юм.