Парист болж буй ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Өнөөдөр 57, 61, 86, 125 кг-д аваргаа тодруулах юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Монгол улсын гавьяат тамирчин, Лас Вегасын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны бөх Улукбек Жолдошбековыг 12:0-ээр илүүрхсэн юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь энэ онд Европын аваргаас хүрэл медаль зүүсэн Туркийн Сулейман Атли байв. Э.Бэхбаяр ямар ч алдаа гаргалгүй, өрсөлдөгчөө илүүрхсээр 7:0-ээр буулган авч, шөвгийн наймд үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Японы Юки Такаши. Япон эр энэ оны Азийн АШТ-д түрүүлсэн юм.
Барилдаан эхлээд л ардаа алдаж, хоёр онооны зөрүүтэй болсон бол дараа нь өөрөө хөл авсан барьцаа алдаж, зөрүүлж хөл алдаад дэвжээнээс гарсан тул онооны зөрүү 4:0 болов. Нэгдүгээр үеийн төгсгөлд манай тамирчин өрсөлдөгчөө дэвжээнээс гаргаж, 4:1-ээр эхний үе өндөрлөсөн.
Харин шийдвэрлэх үед идэвхгүй барилдсан Японыг 30 секундын дүрмээр торгож, онооны зөрүү ойртсон. Улмаар барилдааны үндсэн цаг дуусахаас 20 секундын өмнө манай тамирчин хөлд суусан ч удалгүй алдсан юм. Харин үүнийг багийн дасгалжуулагч эсэргүүцэж, чалленж шидсэн бөгөөд шүүгч нар давталт үзсэний эцэст Э.Бэхбаярт хоёр оноо өгч, тооны харьцаа тэнцсэн. Үлдсэн 10 секундэд оноо авбал манай тамирчин ялах байсан ч харамсалтай нь, хүслээр болсонгүй. Ийнхүү оноо тэнцэж, 4:4 болсон ч бүхэл онооны дүрмээр Японы тамирчин Юки Такаши яллаа. Тэрбээр зооны аваргын төлөөх барилдаанд ялвал Бэхээ дагах эрхтэй болох юм.