Манай улсын хамгийн олон малтай аймгуудын гуравдугаарт эрэмбэлэгддэг Төв аймагт энэ жил зуншлага тааруугаас хадлан, өвс бэлтгэх боломжгүй болжээ. Наймдугаар сарын 5-ны байдлаар 17 сум маш их гантай, долоон сум гантай, үлдсэн гурав нь гандуу байгаа бөгөөд нийт малын 90 хувь нь дунд болон дундаас доогуур тарга авсан тухай тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга М.Дашдулам ярив.
Хонин толгойд шилжүүлснээр 4.3 сая толгой мал өвөлжиж, хаваржих боломжит нөөцтэй ч энэ зуны байдлаар 6.7 сая мал зусаж буй тус аймгийнхан Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор аюулгүйн нөөцдөө 380 тн өвс, 80 тн тэжээл бэлтгэх “гэрийн даалгавар” авчээ. Аймгийн Засаг даргын захирамжаар энэ жил 126.9 мянган тн хадлан, 33.8 мянган тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөт албан даалгавартай. Гэвч энэ жил гандуу, бэлчээрийн гарц муу, ургамал тачир байгаагаас одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд 70 тонн тэжээл л бэлтгээд байна.
“Байгаль эхийн буруу аашнаас л боллоо” гээд зайлж бултах аргагүй учраас Төв аймгийнхан энэ даалгаврыг яаж ийгээд биелүүлэх учиртай. Тиймээс Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаас хадлан, тэжээл бэлтгэх хүсэлтээ хүргүүлж, сумдын удирдлага нь эхнээсээ гэрээгээ байгуулсан гэнэ.
Мөн “Бүх нийтийн гар тэжээл бэлтгэх хоёр сарын аян”-ыг долоогоос есдүгээр сарын хооронд бүх суманд өрнүүлж, малчдад тачир ч гэлээ ургасан жаахан өвс, ургамлыг ашиглан, тэжээл бэлтгэх заавар, зөвлөмж хүргүүлжээ. Бусад аймгийнхан ч ялгаагүй, ингээд эрвийх дэрвийхээрээ хөдлөх нь чухал байна.
Цаг уурчийн хэлснээр өнгөрсөн оных шиг гантай нүүр тулжээ, бид. Өнгөрсөн жилийнх шиг шон тэвэрвэл шорлог, чулуу залгивал боодог болгочих шахсан аагим халуун өдрүүд удаан үргэлжлээгүй ч бороо хур бага орсон нь энэ зуны ган гачгийн онцлог гэнэ. Долдугаар сарын 25-ны байдлаар 150 орчим сумын нутгаар гантай, 50 гаруй суманд гандуу байна гэсэн үнэлгээг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн. Гангийн дараагийн үнэлгээг тэд энэ сарын 25 гэхэд гаргах юм билээ.
Энэ сарын эхээр нийт нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орсон тул газрын гарц дээрдсэн байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд мал өдийд махан биш, өөхөн тарга л авна. Наймдугаар сар гарчихаад байхад шар үснээсээ салаагүй үхэр, адуу, ноос нь хөөрөөгүй байсан хонь энэ таргаар өвөл, хаврын хахир хатууг өнтэй давна гэдэг бэрх.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн 2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгааг энэ сарын 20-нд гаргана. Долдугаар сарын 28-нд гаргасан урьдчилсан төлөвт дурдсанаар есдүгээр сард Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд, Завханы зүүн, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох гэнэ. Тэгвэл арав, арваннэгдүгээр сард Баян-Өлгий, Ховд, Увс, Архангай, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь аймагт олон жилийн дунджаас ахиу цас унах төлөвтэй байгаа аж.
...Хүсэхэд хясна гэгчээр энэ жил зуншлага хамгийн сайн байгаа Хэнтий, Дорнод аймгийн ихэнх суманд малын гоц халдварт өвчин гарчихсан байдаг. Гэтэл малын гоц халдварт өвчин гараагүй 13 аймгийн 164 суманд нь болохоор зуншлага тун тааруухан байгаа. Зүүн аймгуудаас мах экспортолно гэдэг нэгэнт үлгэр болсон. Тийш нь мал отроор оруулахгүйгээр өвөл, хаврыг давна гэдэг ч лөөлөө...
Энэ жил улсын хэмжээнд нийт 177.5 мянган малчин өрхийн 66 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарснаас 9.2 саяыг нь өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжүүлж, хаваржуулах юм байна. Энэ бол урьд өмнө байгаагүй их тоо. Тэгэхдээ малаа үзлэг шинжилгээнд оруулж, эрүүл мэндийн бичиг аваагүй малчин өрхүүдийг отрын бүсэд нэвтрүүлэхгүй гэдгийг долдугаар сараас хойш анхааруулсаар буй.
Өөрөөр хэлбэл, отор нүүдэл хийх малчид мал сүргээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл гэсэн бичиг зайлшгүй авсан байх ёстой. Тиймээс улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар, хилийн зурвасуудад отроор өвөлжих малчин өрх, малын тоог тодорхой гаргаж холбогдох албан газруудад хүсэлт тавьж, гэрээ байгуулах ажлыг эртхэн зохион байгуулах шаардлагатай байгаа юм.
Хүсэхэд хясна гэгчээр энэ жил зуншлага хамгийн сайн байгаа Хэнтий, Дорнод аймгийн ихэнх суманд малын гоц халдварт өвчин гарчихсан байдаг. Гэтэл малын гоц халдварт өвчин гараагүй 13 аймгийн 164 суманд нь болохоор зуншлага тун тааруухан байгаа. Зүүн аймгуудаас мах экспортолно гэдэг нэгэнт үлгэр болсон. Тийш нь мал отроор оруулахгүйгээр өвөл, хаврыг давна гэдэг ч лөөлөө. Тэр тусмаа Хэнтий аймаг бол хэзээнээсээ отрын гол бүс нутаг байсаар ирсэн.
Гагцхүү тийш нь эрүүл малаа отроор аваачиж өвчлүүлээд, хуугаар нь устгалд оруулахдаа тулбал малчинд хайран. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн зургадугаар сард Дорнодын Хөлөнбуйраас Завхан аймаг руу шүлхийтэй мал шилжүүлснээр гоц халдварт өвчин гарсан шиг эрүүл бүс нутагтаа өвчтэй мал оруулаад, халдвар тарааж, голомтот бүсийн тоог нэгээр нэмчихвэл улсад хайран. Тиймээс малчин ч тэр, аймаг, сум, багийн удирдлагууд ч хаана хаанаа хариуцлагатай байхгүй бол нөхцөл байдал бидний төсөөлж буйгаас хүндэрч мэдэхээр байна.
“Энэ сарын 10-наас эхлэн манай яам, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүдийг орон нутагт томилж, бэлчээрийн болон хадлангийн ургацыг тогтоох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийг эрчимжүүлж байна. Ургац хураалт, мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар ХХААХҮ-ийн сайд албан даалгавар гаргаж, энэ ажлыг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлсэн” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ярилаа.
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор өнөө жил аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 30.8 мянган тн өвс, 11.7 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Малчид харин 1.2 сая тн өвс, 36 мянган тн сүрэл, 23 мянган тн ногоон тэжээл, 48.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 71 мянган тн гар тэжээл, 141.9 мянган тн давс, хужир, 9000 тн дарш бэлтгэх үүрэг амлалт аваад буй.
Аймаг, нийслэл, сум, дүүргийнхэн аюулгүйн нөөцөө хэр бүрдүүлснийг, хувь хүмүүс дээрх үүрэг даалгавраа хэдэн хувьтай биелүүлснийг одоогоор нэгтгээгүй байгаа аж. Юутай ч өнөө жилийнх шиг ийм нөхцөлд зүүн аймгуудаас байгалийн хадлан өвс, тэжээл экспортлохыг хориглосон нь сайн хэрэг. Харин одоо тэндхийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн өвс, тэжээлийг дотоодын зах зээлд нийлүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах нь орон нутгийн удирдлагуудын сүйхээ мэдэх асуудал.
Газар тариалангийн салбарт ч түгшүүрийн дохио хэдийнэ хангинаад эхэлснийг ХХААХҮ-ийн сайд Улсын онцгой комиссын хуралдаанд хэлнэ лээ. Хэт их халалт, дээрээс нь хур тунадас бага орсноос болж бүх бүс нутагт тариалсан таримлын өсөлт саарч, үр тариа, улаан буудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч, улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ буурах магадлалтайг П.Сэргэлэн сайд урьдчилан мэдэгдсэн.
Гэлээ ч сорилтыг боломж болгон ашиглаж, гантай зуны үр чанартай байдаг тул ирэх жил тариалах үрийн нөөцийг ядаж дотоодоосоо 100 хувь хангахыг Ерөнхий сайд түүнд үүрэг болгосон. Отрын бүс нутгуудыг зөв төлөвлөх, малын тэжээл хангалттай хэмжээгээр бэлтгэх, мах экспортлох ажлын бэлтгэлийг эрчимжүүлэх, дотоодод борлуулах махны зах зээлийг тэлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрвээ халдварт өвчин гарсан тохиолдолд тухайн малчин хүлээсэн үүргээ биелүүлсэн, эсэхэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг Засгийн газрын тэргүүн мөн үүрэгдсэн.
Тэгэхээр энэ өвлийг бид хэр өнтэй давах вэ гэдэг нь сайд, дарга нарын өгсөн үүрэг даалгавар шат шатандаа хэрхэн хэрэгжихээс, малчны хариуцлага ямар байхаас шалтгаалах гээд байх шиг. Ерөөс малчин, дарга хоёрын “чөмгийг дундалсан” их ажил ундрах бололтой