Олон улсын валютын сангийнхны тооцоо алдаатай байжээ. Тэд Монголын эдийн засгийг 0.2 хувиар буурна гэсэн таамаглал дэвшүүлж байв. Өнгөрсөн тавдугаар сараас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр манай улсад хэрэгжүүлж эхлэхдээ энэ тухай танилцуулсныг санаж байгаа биз. Манайхан ч энэ таамгийг нь уухайн тас зөвшөөрөөд төсвөө тодотгочихсон.
Өөрөөр хэлбэл, эдийн засаг 0.2 хувиар агшина гэж тооцоолж, Монгол Улс төсөв санхүүгээ төлөвлөсөн гэсэн үг. Гэтэл өнгөрсөн өдрүүдэд Монголд ажиллаж, хөтөлбөртөө үнэлгээ хийсэн ОУВС-гийн ажлын хэсгийнхэн манай эдийн засгийг хоёр хувиар өснө гэж өмнөх таамаглалаа эрс өөрчлөв.
Дотоодын эдийн засагчид ч “Манай улсын эдийн засаг 2017 онд 2-2.5 хувиар өснө” гэсэн төсөөлөл хийсэн билээ.
Эдийн засгийн хямралаас гаргах түншлэгч маань хоёрхон сарын дараа таамаглалаа огцом өөрчилсөн нь анхаарал татахгүй байхын аргагүй. ОУВС-гийнхан манай эдийн засагчдаас муу тооцоололтой гэж үү. Эдийн засгийн өсөлтийн таамаглалыг огцом өөрчилсөн “сайн мэдээ” юунаас үүдсэн вэ? Мэдээжийн хэрэг ямар нэгэн учир шалтгаанаас үүдэж, таамаглал ингэж эргэнэ. “Ямар учраас ийн өөрчилсөн бэ” гэж ОУВС-гийнхнаас асуувал нүүрсний үнэ гэнэт өсөөд, экспорт нь нэмэгдчихлээ гэсэн бэлэн хариулт хэлэх вий.
Үнэхээр ч манай улсын нүүрсний экспорт урд өмнө байгаагүйгээр өсөж байгаа. Экспортлогчид энэ жил 25-26 сая тонн нүүрсээ хятадуудад худалдах төлөв харагдаж буй. Дөрвөн жилийн өмнө “уруудсан” нүүрсний үнэ дээшилж, манайхан уурхайн аман дээрээс тонн түүхий нүүрсээ 70 орчим ам.доллароор борлуулж байна. Нүүрсний салбарын орлого тэрбум ам.долларт хүрэв. Хятадууд Хойд Солонгосоос нүүрс худалдаж авахаа зогсоосон нь манайханд давуу тал олголоо.
Коксжих нүүрсний борлуулалт цаашид ч өсөх нь тодорхой. ОУВС-гийнхан хоёрхон сарын өмнө эдийн засгийн нөхцөл ингэж сайжрахыг олж хараагүй гэж үү. Нүүрсний үнэ аль хэдийнэ өсөөд эхэлчихсэн байсан үед дээрх таамаглалыг дэвшүүлсэн юм. Эдийн засаг хумигдана гэж үзсэн нь улс төрийн зорилготой “айлгах тактик” байсан бололтой. Төөрүүлсэн тооцооллыг нь үүнээс өөрөөр зөвтгөх арга алга.
ОУВС-гийн ажлын хэсгийнхний манайхантай хийсэн хөтөлбөрийн үнэлгээний хэлэлцүүлэг халуухан болжээ. Түншлэгчийн маань төлөөлөл “Танай Засгийн газар хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгохгүй, 60 хувьд нь л тараана гэсэн амлалтаа зөрчсөн” гэж мэтгэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод оноо цуглуулахаар Засгийн газар хүүхэд бүрийн мөнгөн тэтгэмжийг нөхөж тараасан билээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэрэг явдлаа цайруулах гэж хэрхэн мэлзсэнийг хэн мэдэх вэ. Ямартай ч арга эвийг нь олох гэж эрвийж дэрвийсэн нь ойлгомжтой. Ажлын хэсгийн ахлагч Коши Матайгийн албаны хэллэгтэй, битүү хатуу мэдэгдлээс нь 2018 оноос хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгохгүй юм байна гэдэг агуулга тодорхой харагдаж байгаа. Засгийн газар алдаагаа засахаа амласан бололтой. Манайхны ам өчгийг сонссон ОУВС-гийнхан “Хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна” гэсэн дипломат үг хэлээд гэрийн зүг дөрөө жийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахдаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотой нэгэн сонирхол татах мэдээг олон нийтэд дуулгав. Тэр “ОУВС-гийнхан банкуудын активын чанарыг үнэлэхдээ мал болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаа хөрөнгө гэж тооцохгүй гээд байна” гэж Ерөнхийлөгчид “ховлосон” юм. Цаадах нь тус сангийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайтай уулзахдаа “Мал бол монголчуудын үндсэн хөрөнгө гэдгийг санаарай” гэж захив. Малыг барьцаа хөрөнгө гэж үзэхгүй бол ХААН, Төрийн банкны нэлээд актив “муу зээл” гэсэн ангилалд орж балрах нь тодорхой. Бас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалж, зээл олгосон банкуудын бие тэнхээ ч эвгүйтнэ.
Харин банкныхан энэ нь ташаа, гуйвуулсан мэдээлэл болохыг анхааруулж байна. Манай банкуудын активын чанарыг үнэлэхээр шалгарсан “Price waterhouse сoopers” (PwC) аудитын компанийнхан мал болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалж, зээл олгосон банкуудад активын үнэлгээ хийсэн удаагүй юм байна. Учир нь олон улсын банкууд мал болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалж, зээл ол годог туршлагагүй аж.
Тиймээс хэрхэн үнэлэх аргачлалаа арилжааны банкуудтай тохиролцохоор ярилцаж байгааг эх сурвалж дуулгалаа. Банкууд ч аргачлалаа танилцуулж, активаа үнэлүүлэх бэлтгэл ажлаа сайтар хангаж байгаа сурагтай. Тэгэхээр мал болон ашигт малтмал барьцаалж, зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд эргэлзэж, тээнэгэлзэх хэрэггүй бололтой.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт ОУВС-гийнхны хийсэн эхний үнэлгээний дараа нэлээд зүйл өөрчлөгдлөө. Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллартой тэнцэнэ. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 700 орчим сая ам.долларын санхүүжилт манай улсад оруулж ирэхээр төлөвлөсөн байв. Тэгвэл сая үнэлгээ хийхдээ үүнийг 200 гаруй сая ам.доллар болгон бууруулжээ. Нийт санхүүжилтийн 440 сая ам.долларыг нь ОУВС гаргана.
Үлдсэнийг нь олон улсын санхүүгийн байгууллага, донор орнууд гаргах учиртай. Хөтөлбөрийн хамгийн том санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк. Тэднийх нийт 1.3 тэрбум ам.доллар зээлэх юм. Азийн хөгжлийн банкныхан Засгийн газар амлалтаасаа буцсан гэж шалтаглан энэ жил хийх санхүүжилтээ хойшлуулжээ.
Засгийн газар хүүхэд бүрт бэлэн мөнгө тарааж, өгсөн амлалтаасаа хоёр сарын дараа ухарсан учраас тэд болгоомжилж байгаа нь гарцаагүй. Амлалтаа зөрчөөд байвал донор байгууллагууд биднээс зугтах нь дамжиггүй. Ингэвэл хөтөлбөрийн үр дүн юу болж хувирах вэ? Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр “хумигдсан санхүүжилт” болоод амар сайхандаа жаргах вий.
Энэ жил эдийн засаг өсөх нь тодорхой. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлээд эдийн засаг өсчихлөө гэж эрх баригчид бүү яриасай. Хөтөлбөрийн хөрөнгө биш, нүүрсний орлого үүнд гол нөлөө үзүүлэх нь. Ирэх жил эдийн засаг таваас доошгүй хувиар өсөх таамаглал бий. Эдийн засаг өсөөд, зах зээл сэргэчихвэл ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байгаа ч юм уу гэж үзэх эдийн засагч таарлаа. Ийм тохиолдолд хөтөлбөрийн санхүүжилтийг бүрэн ашиглахгүй байх магадлал ихсэж буй учраас ингэж дуугарч байгаа биз. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн улс орнууд нийт санхүүжилтийнх нь 40 хувийг л ашигласан гэх статистик байдаг юм билээ.
Хөтөлбөрийн дараагийн үнэлгээг арваннэгдүгээр сард хийнэ. Бодлого, чиглэл нь хэрхэн өөрчлөгдөхийг одоо тааварлашгүй нь. Эдийн засгаа ингэж аврахаас өөр гарцгүй хэмээн сүр бадруулсан манай улс хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгах хэрэгтэй. Хэлсэн, амласандаа зогсох ёстой. Санхүүжилтийг нь бүрэн ашигладаггүй юм гэхэд хөтөлбөрийн хүрээнд ядаж замбараагаа алдсан төсвийн бодлогоо цэгцлээд авчих хэрэгтэй юм. Эдийн засаг өсчихлөө, одоо больё гэж ОУВС-гийнханд хэлэх ч тохуурхал юм даа.