Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатогийн зүгээс зохион байгуулж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 16 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн хүлээн авалт 8 дугаар сарын 7-ны өдөр Элчин сайдын өргөөнд болов.
Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр(JDS) нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрөөр ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, тэд эх орондоо буцаж ирснийхээ дараа өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготойгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.
Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 13 улсад уг хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрөөр өнөөг хүртэл нийт 3,700 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 280 оюутан залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 244 оюутан төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллага, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.JDS хөтөлбөрийн 16 дахь ээлжээр Цүкүбагийн их сургуульд 4, Сайтамагийн их сургуульд 4, Кюүшүгийн их сургуульд 2, Хирошимагийн их сургуульд 2, Олон улсын их сургуульд 5, Хоккайдогийн их сургуульд 1, Нагояагийних сургуульд 2 оюутан буюу нийт 20 оюутан тус тусын мэргэжлээр 2 жилийн турш магистрантурт суралцах гэж байна.
Энэхүү хөтөлбөрийн шугамаар суралцах оюутан залуус буцаж ирээд тус тусын салбарт үр бүтээлтэй ажиллаж, манай 2 орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.