Английн "Челси" клубийн эзэн, Оросын тэрбумтан Роман Абрамович гурав дахь эхнэр Даша Зуковагоос салж буйгаа зарлав. Энэ жил 50 настай, нийт 7 тэрбум еврогийн хөрөнгөтэй орос эр хэвлэлийн газрын эрхлэгч Зуковатай ханилаад 10 жил хамт амьдарч, хоёр хүүхдийн эцэг, эх болсон юм. Хэдийгээр салсан ч бизнесийн хамтрагчид хэвээр үлдэхээ хоёр тал мэдэгджээ.Зукова Оросын тэргүүн баячуудын нэг Александр Зуковын охин билээ.
Тэдний салалтын сураг эртнээс мэдэгдсэн юм. Тодруулбал, Зукова өнгөрсөн зургадугаар сарын 8-нд өөрийн төрсөн өдрөө хоёр хүүхдийнхээ хамт АНУ-ын Нью-Йорк хотод тэмдэглэж өнгөрүүлэхдээ хуримын бөгжөө зүүгээгүй байв.
Тэдний салалтыг түүхэн дэх хамгийн үнэтэй салалт болно гэж шинжээчид дүгнэж байна. Ноён Абрамович 2007 онд хоёр дахь эхнэр Ирина Вячеславовна Маландинагаас салахдаа 150 сая евро төлсөн билээ. Энэ нь тухайн цаг үедээ хамгийн үнэтэй салалтын дөрөвдүгээрт бичигдэж байв.
Экс хосууд дундаасаа хоёр хүүхэдтэй. Том нь 2009 онд төрсөн Аарон Александр нь хүү бол бага охин нь Леа Лоу 2013 онд төрсөн. Тэд хоёул АНУ-д мэндэлжээ.
Р.Абрамович гурав дахь эхнэртэйгээ 2005 онд аавынх нь зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээн дээр танилцсан гэдэг. Зукова Москвад төрсөн ч аав, ээж хоёр нь салж, хоёр тийшээ болсны дараа 10 настайдаа ээжтэйгээ хамт АНУ-д амьдрахаар очиж байв. Тэрбумтны эхнэр болохоосоо өмнө талбайн тенннисийн шилдгүүдийн нэг Марат Сафинтай үерхэж байв. Улмаар 2007 оноос хойш Р.Абрамовичтой нэр холбогдсон юм.
Роман Абрамович анх 1987 онд Олга Юревна Люсоватай гэрлэж байв. Тэдний хамтын амьдрал ердөө гурван жил үргэлжилсэн бөгөөд хүүхэдтэй болж чадаагүй. Харин анхны эхнэрээсээ салаад нэг жилийн дараа хоёр дахь гэргийтэйгээ гэрлэсэн түүхтэй. Түүний хоёр дахь гэргий нь онгоцны үйчлэгч бөгөөд тэд 16 жил хамт амьдрахдаа таван хүүхэдтэй болжээ.