Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж. Хөдөлгөөний зохицуулалтыг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх юм байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Энэ ажил энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хөдөлгөөний уг хязгаарлалтууд дэлхийн ихэнх хотод хэрэгждэг. Азийн хөгжлийн банктай хамтарч төв замын “BRT” хурдан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөн энэ чиглэлд явах учраас бид хөдөлгөөний хязгаарлалтыг хийж эхэлж байгаа юм” хэмээлээ.
Баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй юм. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой.
“Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний зүүн гар тийш эргэхийг хориглохтой холбоотой зарим гудамжид замын чиглэл маршрутын өөрчлөлт орж байгаа. Жишээлбэл, Бөмбөгөрийн уулзвараас Чоймболын гудамж өнөөдрийн байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй байгаа. Үүнийг сөрөг хөдөлгөөнтэй болгож байгаа. Мөн нэгдүгээр сургуулийн баруун талын зам сөрөг хөдөлгөөнтэй болж байгаа. Жолооч нар маань замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохиогоо баримталж замын хөдөлгөөнд оролцох нь зүйтэй” хэмээн ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат ярилаа.
Энхтайваны өргөн чөлөө Партизаны гудамжны уулзвар баруун талаас ирж байгаа зүүн гар тийш эргэх автомашин нэг дохионы хугацаанд 7-9 автомашин байдаг ба зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн гурван эгнээнээс гарч хоёр эгнээнд орох гэж хүндрэлтэй байдаг. Баруун талын зүүн гар тийш Партизаны гудамж руу эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч эхний байр луу баруун эргэж Чоймболын гудамж руу орж, доош чигээрээ Партизаны гудамж руу орно. Ингэснээр гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурна.
Цэцэг төвийн уулзвар өндөр ачаалалтай, уулзвар баруун талаас ирсэн зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Ханддоржийн гудамж руу бууж, Сөүлийн гудамж, 1-р сургуулийн гудамжаар (урдаас хойш нэг чигийн) эргэх боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 39 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 64 хувиар буурна.
Төв шуудангийн уулзварт баруун талаас ирж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн нэг дохионы хугацаанд 4-5 автомашин байдаг аж. Уг уулзвараар чигээрээ гарч баруун эргэж зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. Зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн Чингисийн өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэж болно. Нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 43 хувиар буурна.
Гадаад хэргийн яамны уулзвар баруун болон зүүн талаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн байхгүй болно. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 37 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 41 хувиар буурна.
Багшийн дээдийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн 1-р эмнэлэг чиглэл рүү орж баруун эргэн, Олимпийн уулзвараар чигээрээ дээш явж болно. Гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 26 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 34 хувиар буурна.
Бөхийн өргөөний уулзвар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн уулзварын өмнө баруун эргэж Бөхийн өргөөний урдаас хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна гэсэн судалгаа гаргажээ
Зүүн 4 замын уулзварт баруун талаас ирсэн хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч буцаж эргэн хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 38 хувиар буурна.
Зүүн гар тийш эргэлт хийх нэг цагт 300-900 машины хөдөлгөөнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр явахгүй бусад туслах замыг сонгож, гэрлэн дохионы ажиллагаа 4 үеэс 2 ба 3 үед шилжиж, хүлээлтийн хугацаа буурна. Хөдөлгөөний хурд жигд тогтвортой болж Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачааллыг бууруулах боломжтой.
Нийслэлийн гол замд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласнаар,
Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1400-1600 машин/цагт явна. Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ. Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна.
Олон улсын туршлагад ч мөн хотын төвийн гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хийлгэхгүй, томоохон хөдөлгөөний ачаалал ихтэй уулзварууд хөдөлгөөнийг гэрлэн дохионы зохицуулалтыг аль болох богино эргэлттэй зохицуулах замаар хүлээлтийн хугацааг хамгийн бага хэмжээнд байлгаж, төвийн хэсгийн хөдөлгөөнийг жигд хурдтайгаар нэвтрүүлдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.