Гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө Эстебан Карпио үсчингээр ажилладаг байв. Түүнийг цагдаагийнхан шалгасны эцэст хар тамхины наймаатай холбоотой нэгэн болохыг илрүүлсэн юм. Анх ахимаг насны нэгэн эмэгтэйг хутгалсан хэргээр баривчилсан бөгөөд мэдүүлэг авахаар байцаалтын өрөөнд 27 жил цагдаагийн албанд ажилласан 52 настай мөрдөгч Жэймс Аллен хүлээж байжээ. Эмэгтэйгийн аминд хүрэх шахсан түүнийг байцаалтын өрөөнд оруулахдаа гавлаагүй оруулсан нь бүр том хэрэг тарихад хүргэжээ. Учир нь алуурчин байцаалтын үеэр аяга ус уухыг хүсэж байгаагаа илэрхийлж, түүнд аяга ус авчрахаар Аллены хамтрагчид өрөөнөөс гарчээ. Яг энэ үеэр алуурчин цагдаагийн бууг булаан авч, хохирогчийг хоёр удаа буудаж хөнөөгөөд зугтахыг оролдсон байна.
Харин шүүх танхимд түүнийг авчрахад багагүй зодуулсан бас маск зүүлгэсэн байв. Цагдаагийнхан үүнийг тайлбарлахдаа гэмт этгээд өөрийгөө болон бусдыг хазаж гэмтээх оролдлого хийсэн тул маск зүүлгэсэн гэнэ.
Цагдаагийн аминд хүрсний дараа шүүх танхимд орж ирсэн Эстебан Карпиог харсан гэр бүлийнхэн нь цагдаагийнхан хүчирхийлэл үйлджээ гэж гомдол гаргасан аж. Харин цагдаагийн албанаас түүнийг оргох үед цагдаагийнхан баривчлах үеэр ингэж гэмтсэн гэж мэдүүлсэн юм.
Алуурчны гэр бүлийнхэн түүнийг ял эдлэх боломжгүй, сэтгэцийн эмгэгтэй хэмээн тайлбарласан ч шүүх түүнийг суллахаас татгалзсан байна. Тэрбээр цагдаагийн аминд хүрсэн хэргээр бүх насаараа хоригдох эсвэл цаазаар авах ял авч магадгүй юм.