Нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж, 120 орчим сая төгрөгийн ус эргэлтэд оруулан агаар цэвэршүүлдгийг судлаачид тогтоосон. Өөрөөр хэлбэл, 160 сая төгрөгөөр үнэлэгдэх баялгийг та бидэнд үнэгүй бэлэглэдэг гэсэн үг. Харин энэ их баялагт эзэн суусан бид байгалиа хайрлан хамгаалахад хэчнээн төгрөгийн хувь нэмэр оруулдаг бол...
Манай эрдэмтэн, судлаачид 40 жилийн дараа буюу гурав дахь удаагаа хийсэн ойн бүрэн тооллого, судалгааныхаа дүнг өнгөрсөн онд сүр дуулиантай зарласан. Цагтаа Монголын газар нутгийн 13 орчим хувийг эзэлдэг байсан ойн сан сүүлийн жилүүдэд эрс багасаж, найм хүрэхтэй үгүйтэй болсон нь “Олон зорилтот үндэсний ойн тооллого” нэртэй эл судалгаагаар тодорхой болсон юм. Нэг хүнд ногдох ойн хэмжээгээр манайх дэлхийн дунджаас өндөр ч одоогийнх шигээ хайр гамгүй, цөлмөн сүйтгэсээр байвал хэзээ мөдгүй нүцгэрч мэдэх нь хэмээн салбарын эрдэмтэд халаглаж буй.
Ойн нөөц ингэтлээ багасахад хөнөөлт шавьж, түймэр, зүй бус мод бэлтгэл гол нөлөө үзүүлсэн гэж судлаачид санал нэгдсэн. Ер нь хэзээнээсээ л энэ гурван зүйлийг ойн дайсан гэж үзэн, буруутгасаар ирсэн “уламжлалтай”. Гэвч бидний тэр бүр анзаарч хардаггүй өөр нэг дайсан ойн нөөцөөс бага багаар хумсалж, аюул тарьж байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. Энэ бол манай улсад сүүлийн жилүүдэд тун идэвхтэй өрнөх болсон ойн цэвэрлэгээ нэртэй кампанит ажил.
Засгийн газар 2013 онд “Ойн цэвэрлэгээ” нэртэй хөтөлбөр баталсан билээ. Энэ хүрээнд салбарын сайдын тушаалаар жил бүр хэдэн сая га талбайд ийм ажил хийх болсон. Ой цэвэрлэнэ гэдэг нь өмхөрч, хөгширсөн моддыг тайрч, зөөхийн нэр биш аж. Нөхөн сэргээх, тарьж ургуулах ажил бас дагалддаг юм байна. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, ой судлаач С.Баяртогтох үүнийг “Ойн эмчийн ажил” гэж тодотгосон юм.
Гэвч манайд үүнийг хийх гэж оромддог хэмээн тэрбээр онцлоод “Ой хамгаалах, ургалтыг сайжруулах зорилгоор цэвэрлэгээ хийдэг. Тийм учраас цэвэрлэсэн талбайгаа заавал ойжуулахыг компаниудад үүрэгддэг. Ойн цэвэрлэгээ, арчилгааг ингэж хийнэ гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу үүнийг хийлгэж, шаардлагатай төсвийг нь улсаас гаргадаг байтал үр дүн гарахгүй байгаа нь нөхөн сэргээлт хийдэггүйтэй холбоотой” гэв. Ном ёсоороо бол цэвэрлэгээ хийсэн нэг га талбайд 2500-3000 ширхэг тарьц суулгах ёстой гэнэ.
Энэ стандартын дагуу цэвэрлэгээ хийсэн бүх талбайг ойжуулж, мод тарьсан бол манай орны ой ингэтлээ доройтож, хорогдох учиргүйг тэр онцолсон. Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийнхний мэдээлснээр манай улс сүүлийн таван жилд гэхэд л 759.2 мянган га ойгоо “тавиад туучихжээ”. Тэгвэл ой цэвэрлэгчдийн оролцоо ч үүнд бий гэдгийг судлаач хэллээ. Ерөө голын эх Хонин нуга ойн цэвэрлэгээ хийдэг хүмүүсийн балгаар сүйдэж, сэхэхээргүй болсон байхад нь хэдэн судлаач хөөцөлдөж, гүйсээр тусгай хамгаалалтад авахуулсан гэдэг.
Ой цэвэрлэх олон арга байдаг аж. Тэдгээрээс хамгийн ээлтэй, зөв нь биологийн арга. Тиймээс дэлхийн олон орон энэ аргаар ойгоо цэвэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, өгөрч, унасан мод байгалийнхаа аясаар ялзарч, хөрсөнд шингэхийг хэлж буй юм. Манай орны ой бусад улсынхтай харьцуулахад хуурайшилт өндөртэй учраас энэ үйл явц харьцангуй удаан явагддаг тул хүний оролцоог чухалчлах болжээ. Гэтэл манайх шиг ойн нөөц багатай оронд цэвэрлэгээ хийх нь буруу гэж үздэг судлаач цөөнгүй аж.
“Ойн ус хамгаалал” ТББ-ын тэргүүн, судлаач Л.Эрдэнэхорлоо “Ойн салбараас жилд төвлөрүүлж байгаа орлого эдийн засгийн ердөө 2-4 хувийг бүрдүүлж байна. Социализмын үед 20 орчим хувь байв. Ойн нөөцөөр манайхаас хэд дахин бага Швед тэргүүтэй зарим орон ДНБ-ийхээ 40-50 хувийг энэ салбараас төвлөрүүлдэг.
Ойг зохистой ашиглах, хамгаалах бодлого, менежмент Монголд алга. Гадаадынхан байгалийн нөөцөөс төвлөрүүлсэн орлогынхоо зонхилох хувийг ойн сангаа хамгаалж, сэргээхэд зарцуулдаг жишигтэй. Гэтэл монголчууд “Бид ойгоо ашиглахгүй, хав дарсаар үр шимийг нь хүртэхгүй нь гээд төр, засагтайгаа хамсаад сүйтгэдэг. Ойн цэвэрлэгээ хийлгэнэ гээд мэргэжлийн бус хүмүүсээр тоглуулах болж. Биднээс хавьгүй туршлагатай орнууд ойн цэвэрлэгээг яагаад эсэргүүцдэгийг бодууштай” гэв.
Ойн цэвэрлэгээг оромдож, байгаль сүйтгэдэг хэсэг бүлэг хүн байхад зарим нь ийм ажил хийж байгаа мэтээр ойлгуулан, хууль бусаар мод бэлтгэх тохиолдол ч бий. Тодруулбал, ойн цэвэрлэгээ хийх нэрээр мод бэлтгэдэг хүн олширчээ. Цэвэрлэгээ хийдэг хүмүүс өгөрч муудсан болон унанги моддыг түүхээс гадна тээвэрлэх ажил хариуцдаг. Үүнийг зарим нь овжноор ашигладаг байна.
Нэгэн баримт сөхье. 2015 оны өвөл буюу хоёрдугаар сард иргэн Б, Н нар арав гаруй тэвш зулзган мод Төв аймгаас хот руу тээвэрлэж яваад баригджээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр цагдаагийнхан шуурхай ажиллаж, залуус ойн цэвэрлэгээ хийх нэрээр мод бэлтгэснийг илрүүлсэн. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд л гэхэд өнгөрсөн онд ийм хэрэг хоёр удаа гарсан гэж тус сумын байгаль хамгаалагч Б.Гантуяа хэлэв. Харин МХЕГ-т 2016 онд хууль бусаар мод бэлтгэсэнтэй холбоотой 40 гомдол ирүүлсний тав нь нөхөн сэргээх нэрээр иргэдийг хуурсныг цагдаагийнхан тогтоосон гэх. “Ойн цэвэрлэгээ хийж байна гэхээр иргэд ойшоодоггүй учир мод бэлтгэгчдэд боломж олддог” гэж Б.Гантуяа ярилаа.
Ойн цэвэрлэгээтэй холбоотой өөр нэг асуудал байдаг нь энэ ажлыг хариуцдаг хүмүүсийн увайгүй үйлдэл. Тодруулбал, энэ чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг гэх 20 гаруй компанитай холбоотой асуудал Хэдхэн хоногийн өмнө нэг иргэн олон нийтийн сүлжээнд “Түймрийн шалтгааныг голдуу хуурайшилт, хүний санамсар, болгоомжгүй үйлдэлтэй холбох юм. Тэгвэл үй олон хүний хөлд жилийн жилд дарагддаг Хөвсгөл, Завхан, Архангайд яагаад түймэр дэгдэхгүй байна вэ. Түймэрт хамгийн их өртдөг аймгуудыг ажих юм бол бүгд ойн нөөцөөр баялаг газар байгаа” хэмээгээд түймэр гарах нь хэнд ашигтай байж болох талаар асуулт үлдээжээ.
Үүний доор олон иргэн ойн цэвэрлэгээ хийдэг компаниудыг түймэр тавьдаг гэсэн сэтгэгдэл бичсэн байв. Ийн ярьсан анхны тохиолдол нь энэ биш. “Малын янз бүрийн халдварт өвчин дэгдлээ гээд вакцин “шахдаг”, түймэр тавьчихаад ойн цэвэрлэгээ хийх нэрээр мөнгө “цавчдаг” компаниуд байдаг” гэсэн яриа хэзээнээсээ л иргэдийн дунд байсаар ирсэн. Гэвч биднийг “Ингэж ярьж л байдаг шүү дээ” хэмээн тайвширч суух зуурт тэд жинхэнээсээ бужигнуулж байгаа юм биш биз гэх хар төрж, дээрх мэдээллийн мөрөөр ой судлаач хэд хэдэн хүнтэй холбогдсон юм.
Олонх нь ойн цэвэрлэгээг үгүйсгэж байлаа. Харин олон нийтийн сүлжээнд нэлээд газар авсан эл нийтлэлийн доор иргэн Г-гийн бичсэн сэтгэгдэл анхаарал татав. Тэрбээр “Угаасаа ойн цэвэрлэгээ хийдэг компаниуд хэргээр түймэр тавьдаг гэнэ лээ. Насаараа байгаль хамгаалагч хийсэн танил маань тэгж хэлсэн” хэмээжээ. Иргэн Г-гээр дамжуулан, өнөөх хүнтэй холбогдоход ч ижил зүйл ярив. Тэрбээр “Ойн анги, хөрөө рамууд ой цэвэрлэж, мод бэлтгэж байгаад тэр хэсэг нь дуусахаар зориуд түймэр тавьж, хойтон жил нь огтлох хуурай модоо бэлтгэдэг явдал өмнө нь хэдэнтээ гарсан.
Гэвч шуугиан үүсгэлгүй, тэгсхийгээд намжаасан. Яг газар дээр нь илрүүлээд, барим тавим нотолж чадахгүй байна. Эсвэл нуугаад өнгөрүүлдэг ч байж мэднэ” гэсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хүртэл “Толгойтын баруун, зүүн салаанд энэ хавар зургаан удаа гарсан түймрийг санаатай, ашгийн зорилгоор эсвэл байгаль хамгаалагчдад муу санаж тавьсан юм биш байгаа гэх хар төрлөө. Цагдаагийн байгууллага дөрвөн хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа, буруутнууд нь олдоосой” хэмээв.
Ойн цэвэрлэгээ хийх журамд “Түймэрт өртөж, хөнөөлт шавьжинд идэгдсэн, салхи, шуурганд унасан хуурай мод, гишүү, мөчир зэргийг ойгоос гаргахыг цэвэрлэгээ хийх гэнэ” хэмээн тайлбарлажээ. Түймэрт өртсөн газар нь ойн цэвэрлэгээ хийдэг хүмүүсийн ажиллах гол объектын нэг гэдгийг үүгээр нотолж байна. Ийм байхад цэвэрлэгээ хийдэг компаниудыг хардах нь зүйн хэрэг.
Ялангуяа өнөө жилийнх шиг түймрийн “даллагатай” нөхцөлд энэ хардлага бүр л лавширч, эргэлзээ төрүүлж байна. БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалагтай холбогдож, хэчнээн га талбайд цэвэрлэгээ хийхээр төлөвлөснийг лавлахад “Энэ жил олон газарт түймэр гарсан учраас хаана, хаана цэвэрлэгээ хийх талаар шинэ төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна” гэлээ. Он гарснаас хойш манай улсад 140 удаа түймэр дэгдэж, 70 гаруй мянган га газар хуйхлагдсан байна. Тэгэхээр ойн цэвэрлэгээ хийдэг компаниуд ирэх жилүүдэд багагүй ашигтай байх бололтой.