Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн тэмээчин Х.Нямсүрэнгийн тэмээн сүрэг дундаас гурван настай хүрэн ингэ нь 2017 оны 3-р сарын 29 ны өдөр анхны төрөлтөөрөө ихэр ботго төрүүлжээ. Тэмээчин Х.Нямсүрэнгийнх сумын төвөөсөө 7 км-ийн зайд "Цахирын амны Эрээн харгана" гэх газар хаваржиж байгаа бөгөөд нийт 85 тэмээтэй, энэ хавар 30 ингэ төллөхөөс одоогоор 25 нь төллөж, гарсан төл эсэн мэнд бойжиж байгааг Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат мэдээллээ. Манхан сум нь өнгөрсөн онд нийтдээ 3174 толгой тэмээ тоолуулж тэмээнийхээ тоо толгойгоор аймагтаа 3-рт орж байна.