Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болж өндөрлөлөө.Шүүхээс талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод 20 жилийн ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оногдууллаа. Өмнө нь Т.Цогтод 20 жилийн ял оногдуулахаар төлөвлөж байсан ч хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байсан шүүх шийдвэрээ эргэн харж өөрчлөв. Уг хэргийг Г.Маралмаагийн гомдлоор дахин шалгаж, хэлэлцсэн байна. Тэрээр охины үхэлд буруутгагдаж, өмнө нь шүүхээс 23 жилийн ял сонссон ч энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн гомдол гаргасаны дагуу шүүх гомдлыг дахин нягталсан нь энэ аж.
Шүүх бүрэлдхүүний танилцуулсан ялын тогтоолтой танилцана уу.
Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оноож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн.
Шүүгдэгч Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,
Шүүгдэгч Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас тус бүр 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн байна.