Өмнөх Засгийн газрын гишүүдээс хуучин албан тушаалдаа буюу сайдын суудалдаа сугарч үлдсэн цөөн хүний нэг ньЧ.Номин. Тэрбээр энэ удаагийн хамтарсан Засгийн газарт давхар дээлтэй болон орж ирсэн. Тодруулбал, ес дэх удаагийн парламентын сонгуульд 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, сонгогч олны итгэлийг хүлээн, УИХ-ын гишүүн болсон юм. Түүнчлэн тэрбээр ирэх дөрвөн жилд соёлоос гадна спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал эрхлэх онцгой үүрэгтэйгээр шинэ танхимын бүрэлдэхүүнд багтсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын гэсэн тодотголтой шинэ яамны бүтэц бий болгож, түүнд даатгасан билээ. Үндсэндээ Ч.Номин Монголын имиж, өнгө төрхийг олон улсад илэрхийлэхүйц хамаг л “нарийн нандин”, нийгмийн хөгжлийн суурь болсон салбаруудыг бодлогоор зангидах үүрэг хүлээж байна. Тэр үүнийг хийж чадах болов уу. Засгийн газрын тэргүүн Соёлын сайдыг улираан томилсон нь өнгөрсөн дөрвөн жилийнх нь ажилд тавьсан нэг төрлийн үнэлгээ гэж хэлж болно. Харин соёлын салбарынхан, иргэд, олон нийт түүнд ямар дүн тавих бол. Ч.Номин бизнес, тэр дундаа медиа, энтертайнмент салбарт туршлагатай, удирдан зохион байгуулах авьяас, өгөгдөлтэй нэгэн гэдэгтэй маргахгүй. Үүсгэн байгуулж, эрхэлж байсан бизнес, өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан олон улсын шоу нэвтрүүлгүүдээс энэ нь тодорхой харагддаг юм. Харин сайдаар ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үүн шигээ хурдтай, мэдрэмжтэй байж, бодитой, дорвитой ажлууд хийсэн үү гэвэл чамлалттай. Хариуцсан салбарынхандаа хамгийн их “адлагдсан”, шүүмжлүүлсэн сайдын нэг нь тэр байсан. Соёл урлагийн салбарынхны нийгмийн үнэлэмж, цалин хангамжийг сайжруулах чиглэлд дорвитой дуугарч, шийдэлд хүрээгүй атлаа “Соёлын сэргэлт” аян өрнүүлэх нэрийн дор мэргэжлийн уран бүтээлчдийг “нутаг зааж” ажиллуулан, угаас ачаалал, дарамт ихтэй хүмүүсийн нуруун дээр ачаа нэмсэн. Эцэстээ энэ нь сонгуульд зориулсан өргөн хэмжээний шоу байсан гэх хардлагыг ч дагуулсан байдаг. Түүнчлэн Соёл урлагийг дэмжих сангаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, яамнаас нь баталсан зарим стандарт (Хүүхдийн номын хэвлэн нийтлэл, хэвлэлд тавих шаардлага зэрэг)-ыг соёлын салбарынхан, тэр дундаа мэргэжлийн уран бүтээлчид хүчтэй шүүмжилж, эсэргүүцсэн. Энэ мэтчилэн дурдвал түүнд олны шүүмжлэл, хэл ам дагуулан анхаарлын төвд орсон тохиолдол цөөнгүй. Улс төрчид олны анхаарал, “овоо хараа”-нд өртөхийг алийг нь тэр гэх вэ. Гэхдээ гаргасан шийдвэр, хийсэн ажлуудаасаа болж байсхийгээд л банга хүртэнэ гэдэг тухайн хүний чадамж, чансааг илтгэх нэгэн сэжим болдог юм. Соёлын сайдын “өчигдөр”-ийн өнгө нэг иймэрхүү. Харин маргааш нь ямар байх бол.
СПОРТОД ШИНЭ САЛХИ ХЭРЭГТЭЙ
Манай улс биеийн тамир, спортын салбарын хөгжил, тамирчдын ур чадвараар хаана яваа нь зуны XXXIII олимпын наадмаас тод томруун харагдлаа. Бид спортоос, тамирчдаас бахархам амжилт хүсдэг атлаа түүнийхээ өртөгт дүйцэхүйц хэмжээний сэтгэл, хөрөнгө гаргаж, анхаарал хандуулж чаддаггүй харамч, дорой улс аж. Тамирчид бус, “хурган дарга” нар л энэ салбарт “амжилттай”, илүү их боломж эдэлдэг гэдэг нь өнгөрсөн жилүүдэд ч, олимпын наадмын өдрүүдэд ч тодорхой харагдлаа. Биеийн тамир, спортыг хөгжүүлнэ гээд бүх нийтийг хамруулсан өдөрлөг, тэмцээн зохион байгуулаад, тамирчид, дасгалжуулагчдаа дэмжинэ гээд байр, хэргэм, цол олгоод өнгөрөх биш, тэдний нийгмийн асуудал, үнэлэмж, хангамжийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна. Түүнчлэн дотоод зөрчил, тэмцэл нь савнаасаа хальсан салбар холбоодыг эмхлэн цэгцлэх асуудал хоолойд тулчихсан буй. Хагарал, талцал хэр их байна, тэр хэрээр салбарын хөгжилд чөдөр тушаа болдог бичигдээгүй хуультай. Ерөөс энэ салбарт бүхэлд нь бодлогын салхи оруулж, өөрчилж, шинэчлэх цаг нь болжээ. Ч.Номин спортын салбарыг “гардан авсан” шинэ сайдын хувьд энэ чиглэлд гойд анхаарч, манлайлж ажиллаасай.
Манай улс гацаанд Олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайдтай байж үзлээ. Үүнээс өмнө бол боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх чиглэлд үүнийг хамааруулж, зарим үед нь “хаяж гээсээр” ирсэн юм. Гэвч спортын салбарыг бие даасан яамтай болгож, хэн нэгэн сайдад хариуцууллаа гээд дорвитой өөрчлөлт, ахиц дэвшил гардаггүйг бид бодитоор харлаа. Үнэндээ олимпын сайдтай болоод ч олимпод амжилт гаргаж чадсангүй шүү дээ. Энэ бол аливаа асуудал бэрхшээлийг шинэ албан тушаал бий болгоод л шийдчихдэггүйн жишээ юм. 2022-2024 онд олноос онцгой гэмээр “аниргүй”, үлбэгэр ажилласан Б.Бат-Эрдэнийн жишгийг Ч.Номин бүү үргэлжлүүлээсэй.
НЭГ ТАЛААС НЬ БУС, БҮХЭЛД НЬ ХАРАХ ШААРДЛАГАТАЙ
Өмнөх Засгийн газрын үед аялал жуулчлалын салбар өрнүүн үйл явдалтай, бужигнаантай байлаа. Тус салбарт туссан цар тахлын сүүдрийг арилгаж, богино хугацаанд сэргээхийн тулд Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг идэвхжүүлэх үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлсэн. Үүний үр дүн ч гарч, манай улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 650 мянга давсан тооны жуулчин хүлээн авч, утаагүй үйлдвэрлэлийн салбараас нэг тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн билээ. Ийм үр дүнд хүрэхэд салбарын яамд, сайд нар тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулсан. Соёлын сайд Ч.Номин гэхэд олон улс руу чиглэсэн маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх, Монгол орны гол онцлог болсон түүх, соёлыг таниулах, брэнд хөгжүүлэх, уриа үг тодорхойлох чиглэлийн ажлын хэсэгт багтсан. Мөн “Нүүдэлчин” зэрэг өв соёлын томоохон арга хэмжээг олон улсын хэмжээнд үлгэр жишээ зохион байгуулахад анхаарч ажилласан. Харин одоо тэрбээр аялал жуулчлалыг зөвхөн өв соёл, энтертайнмент талаас нь таниулахад бус, салбарынх нь энгээр, том зургаар нь харж, ажиллах шаардлагатай болж байна.
Манай улс өнгөрсөн хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэхэд анхаарч ирсэн. Энэ нь байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн тохиромжтой хэмээх давуу талаа бодсон, нөгөөтээгүүр, экологид ул мөр багатай, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих зорилготой нь холбоотой юм. Угтаа бол аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх нь ганц яамны, нэг сайдын асуудал бус, Засгийн газрын хэмжээний буюу олон салбараас хамааралтай зорилт билээ. Үүнийг өнгөрсөн жилүүд дэх хамтрал харуулсан. Аялал жуулчлалын шинэ сайдад үүнийг амжилттайгаар буухиалан үргэлжлүүлж, яамдын бодлого, шийдвэрийн уялдаа холбоо, “эрэг шураг”-ийг тааруулах үүрэг ч ногдлоо. Аялал жуулчлалаа хөгжүүлж байна, жуулчдыг татна гээд өөрийн үүсгэн байгуулсан зочид буудалдаа гадаадын зочид, төлөөлөгчдийг бөөн бөөнөөр нь аваачаад байж болохгүй шүү, сайд аа. Таныг Тэрэлж дэх зочид буудалдаа олон улсын арга хэмжээ зохион байгуулж, гадаад, дотоодын баахан хүн аваачсанаа, олон нийт шүүмжлээд эхлэнгүүт “Улсаас хөрөнгө мөнгө огт гаргаагүй” хэмээн даналзсан гэнэ билээ шүү.
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ “ЗАЛУУР”-ГҮЙ БАЙНА
Монгол Улс залуучуудын хөгжлийн үзүүлэлтээр 183 орноос 61, боловсролоор 96, ажил эрхлэлтээр 173, энх тайван, аюулгүй байдлаар 175, тэгш байдлаар 179 дүгээр байрт жагсаж байна. НҮБ-ын Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтыг угтан саяхан зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийн үеэр эдгээр үзүүлэлтийг танилцуулсан юм. Эндээс манай улс залуучуудын орон гэдэг атлаа тэдний нийгмийн асуудлыг хэр зэрэг орхигдуулсан нь, цаашид онцгой анхаарах шаардлагатай нь харагдаж буй юм. Үнэн хэрэгтээ манай улс залуучуудын асуудалд дэндүү орой анхаарч эхэлж байна. Өмнө нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа нэгжүүдэд энэ асуудлыг хариуцуулсан нэртэйгээр орхигдуулж, үл хайхарч ирсэн юм. Харин энэ удаагийн хамтарсан Засгийн газарт анх удаа залуучуудын асуудал эрхэлсэн сайдын албан тушаал бий болголоо. Сайдтай боллоо гээд асуудал шууд шийдэгдчихгүй нь ойлгомжтой. Гэхдээ төр засгаас анхаарч эхэлж буй нь сайшаалтай, томилсон сайд нь тэр хэрээр дорвитой ажиллавал бүр ч сайн.
Залуучуудын асуудал эрхэлсэн, бие даасан яам, тусгай байгууллагатай улс цөөнгүй аж. Австрали улс Залуучуудын асуудал эрхэлсэн, Катар Залуучууд ба спортын, Непал Залуучуудын болон спортын яамтай, Өмнөд Африк Залуучуудын хэрэг эрхлэх үндэсний газартай байх жишээний. Эдгээр нь нийтлэгээрээ залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвх оролцоог сайжруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм байна. Ялангуяа яам нь бүх талаар залуучуудын хөгжлийг дэмжих бодлогыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхэд анхаардаг гэнэ. Шинэ Засгийн газрын бүтцэд бий болгосон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамныхан үүнтэй холбоотой үзэл баримтлал, бодлого, чиглэлээ хэрхэн тодорхойлсон юм бол доо. Үүнээс их зүйл хамаарах нь. Ирэх дөрвөн жилд дээрх үзүүлэлтүүд улам дордох уу, сайжрах уу гэдэг нь ч тэднээс ямар нэг байдлаар шалтгаална. Одоогоор тус яамны зүгээс Засгийн газрын 100 хоногт, цаашлаад ирэх дөрвөн жилд чухам ямар зорилт тавьж, юуг чухалчилж ажиллахаа олон нийтэд танилцуулаагүй, албан ёсны сайтаа ч бүрэн шинэчлээгүй байна. Залуу үе бол улс эх орны ирээдүй. Залуучууддаа хэр зэрэг анхаарахаас бидний маргааш ямар байх нь шалтгаална. Тиймээс залуучуудын асуудалд мэдрэг, хариуцлагатай хандах нь хамгийн чухал.