“Богдхан уул бол Хэнтийн нурууны ай савд багтдаг, түүхэн тахилгат, Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. Хубилай хаан 1271 онд Исламын одон орон судлалын удирдах төвийг байгуулсан талаарх баримт түүхийн хуудсанд бий. Харин орчин цагийн одон орон судлах төвийг 1957 онд Богдхан уулын зүүн хойд үзүүрт, Хүрэл тогоотын аманд байгуулжээ. Хүрэл тогоотнь далайн түвшнээс 1620, Улаанбаатар хотоос 270-320 метр өндөрт оршдог, байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар юм. Тус аманд эрт дээр үеэс эм, эмчилгээний чанартай 300 гаруй төрлийн ургамал ургадаг бөгөөд уушгины олон төрлийн өвчинд тустай тул эмч нар тэнд амарч, алхахыг зөвлөдөг. Мөн тэнгэрийн од хамгийн олон хоног харагддаг учраас одон орон судлалын төвийг энэ газарт албан ёсоор байгуулсан түүхтэй...” Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, дархан цаазат Богдхан уулын Хүрэл тогоотын аманд төвхнөөд буй “Sky view” хэмээх тансаг зэрэглэлийн хаус хотхоны танилцуулгад ийнхүү бичжээ.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ховор сонин ургамлаар баялаг, нарны аймгийн гараг эрхсийг дурандах боломжтой, цэвэр агаар, цэнгэг устай, таатай байршил бүхий газарт эзэн суусан хүмүүс ийм байдлаар сурталчилгаа хийж, барьсан барилгаа худалдаж байна. Хүрэл тогоотын ам бол Богдхан уулын дархан цаазат газарт хамаардаг, онцгой хамгаалалттай бүс. Тиймээс тус бүсийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг бөгөөд нэвтрэх цэгт харуул хамгаалалтын хүмүүсийг тогтмол ажиллуулдаг юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу тухайн хэсэгт зөвхөн түр ашиглах журмаар, таван жилийн хугацаатай газар эзэмшүүлэх учиртай. Гэтэл “Улаанбаатар” одон орон судлах оргил буюу бидний нэрлэж заншсанаар одон орон судлах төвтэй хаяа залгаа хэсэгт, Хүрэл тогоотын энгэрт тансаг зэрэглэлийн хотхонууд шил шилээ даран бууриа засаж, суурьшлын бүс бий болгоод байна. Тус амыг дэл сул зай талбайгүй болтол нь хуваагаад, хашаад авчхаж. Хоёр жилийн өмнөхөөс танигдахын аргагүй өөр болжээ.
Газар шорооны ажил хийж байгаад орхисон хэсэг, дутуу босгосон барилга, байгууламж хаа сайгүй. Богдхан уулын амнуудаас харьцангуй нам гүм, хөл хөдөлгөөн багатайд тооцогдож ирсэн Хүрэл тогоот барилгын компанийнхны дараагийн олз болж буй талаар “Өнөөдөр” сонин 2021 онд хөндөж байв. Тухайн үед одон орон судлах төвийн хаяанд зөвхөн “Forest island” хэмээх 20 айлын хаус хотхон ашиглалтад орсон байсан юм. Захиалагч нь Туркийн хөрөнгө оруулалттай “Түү болд” гэх компани, эзэмшигч нь Д.Наранбат, Асылхан Алмазбек, Желал Кератеш нар болохыг бид нийтлэлээрээ ил болгож байв. Тэгвэл үүнээс хойш “Sky view” хэмээх хотхон 12 га талбайд тансаг зэрэглэлийн, багадаа гурав орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх олон тооны хаус барьж, тохижилт хийн, оршин суугчдаа хүлээн авч эхэлжээ. Эл хотхон эхний ээлжийн таван блок бүхий 20 айлын таун хаусаа өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад оруулсан бол хоёрдугаар ээлжийн есөн сингл хаусынхаа ажлыг энэ жилдээ багтаан дуусгахаар төлөвлөж буй гэнэ.
2019 оноос барилгын ажлаа эхлүүлж, 2021 онд ашиглалтад оруулсан “Forest island” хотхоныг барьсан, бариулсан хүмүүс ил харагдах ямар нэг хаяг, тодорхой мэдээлэл байршуулалгүй, үйл ажиллагаагаа нууцлагдмал байдлаар явуулж байснаас захиалагч, гүйцэтгэгч нь чухам хэн болохыг нь олж мэдэхэд бэрхшээлтэй байв. Тэгвэл “Sky view”-гийнхэн ч энэ замналаар мэдээллүүдээ нууцалж, олны нүднээс далд ажиллаж байна. Төслийнх нь албан ёсны танилцуулгад хүртэл компанийнх нь талаар үг, өгүүлбэр алга. Хотхоны хаусуудыг худалдан борлуулж буй зуучлагчид нь ч захиалагч, гүйцэтгэгчтэй холбоотой мэдээлэлд болгоомжлолтой, нухацтай хандаж байгаа нь ажиглагдав. Эндээс Хүрэл тогоотын амны хамгаалалтын бүсэд барилга барьсан хүмүүс олны хэл ам, шүүмжлэлээс хэр зэрэг жийрхэж байгааг харж болно. Нөгөөтээгүүр, тэд энэ үйлдлээрээ хууль зөрчсөн гэдгээ ч хүлээн зөвшөөрч буй мэт. “Sky view” хотхоны таун хаусуудыг зуучлагчдын нэг нь “Манай хотхоныг зам, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг, дотоодын туршлагатай компани барьсан. Харин эсрэг талын хотхон (“Forest island”) гадаадын хөрөнгө оруулалттай компанийнх. Одоогоор манайд цөөн тооны таун хаус л үлдээд байна” гэсэн юм. Дотоодын, туршлагатай гэх аж ахуйн нэгж нь “Түүскай” ХХК болж таарав. Эднийх 2008 онд байгуулагдсан, газар тариалан, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Эцсийн өмчлөгч болон хувь эзэмшигчээр Д.Даваацэрэн, Ж.Тогтохбаяр гэх хүнийг бүртгүүлжээ. Эл компанийн албан ёсны бүртгэлд эдгээр хүний нэр бичээтэй буй ч жинхэнэ эзэд нь улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнуудынхамааралтайиргэдбайж болзошгүй. Тийм биш сэн бол тусгай хамгаалалттай бүсэд богино хугацаанд хаус хотхон барих амаргүй гэдгийг тэр хавийнхан хэлсэн.
Түүнчлэн компаниудын нэр төстэй байгаа нь ямар нэг байдлаар хамааралтай байж болзошгүй гэх хардлага төрүүлж буй юм. “Sky view” хотхоны чанх хойно буюу Хүрэл тогоотын хормойд “Блэк энд вайт дрийм” хэмээх компани мөн л тансаг зэрэглэлийн хаус хотхон барихаар ажлаа эхлүүлснийг эх сурвалжууд хэллээ. Тус компани аялал жуулчлалын зориулалтаар тохижуулж, ашиглана хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яам (хуучнаар)-наас авсан зургаан га газраа ийнхүү зориулалтын бусаар ашиглахаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж авсан гэх. 50 орчим хаустай нүсэр хотхон барих сураг чимээ ч дуулдаж эхлэв. Түүнчлэн “Дорнын хээр адуу” ХХК-ийн захиалгаар “Фючер лайт” компани Хүрэл тогоотын аманд аялагчдад зориулсан түр буудаллах болон отоглох цэг байгуулахаар байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлангаа энэ онд батлуулжээ. Энэ янзаараа тус бүс тун удалгүй Ар Зайсан, Нүхтийн амны араас орж болзошгүй нь. Ингэвэл манай улсын шинжлэх ухаан, тэр дундаа одон орон, геофизикийн салбарт үнэлж баршгүй их гарз хохирол учрах юм.
Хүрэл тогоотын амыг суурьшлын бүс болгохгүй хамгаалж үлдэх гол шалтгаан нь “Улаанбаатар” одон орон судлах оргил. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид энэ л газарт судалгаа шинжилгээ, туршилт хийж, одон орон, сансар огторгуйн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээж ирсэн. Тухайн бүсэд төвлөрөл ихсэж, барилга, байгууламж нэмэгдэхийн хэрээр одон орон судлах оргил жирийн л нэг уул болон хувирч, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ явуулах боломжгүйд хүрнэ. Суурьшлын бүсээс үүдэлтэй гэрлийн гялбаа, орчны бохирдол гараг эрхсийг дурандаж, ажиглахад ихээхэн саад учруулдаг тул дээрх хүрээлэнгийн судлаачид судалгааны төвөөс нь 2.5 км-ийн зайд байрлах “Скай резорт” цанын баазынхантай эртнээс “үзэлцсээр”, толхилцсоор ирсэн юм. Одон орон, геофизикийн судалгааны төвийг суурьшлын бүсээс алслагдмал, хурц гэрэлгүй, орчны нөлөөлөл багатай газарт төлөвлөдөг олон улсын жишиг, стандартаар “Улаанбаатар”-ыг Хүрэл тогоотын аманд байгуулсан юм. Харин одоо газрын наймаачид, барилгын компаниудын балгаар энэ стандарт алдагдчхаад байна. 2.5 км-ийн зайтай “Скай резорт”-оос гялбадаг хурц гэрлийн нөлөөллийг яаж бууруулах талаар ярьж дуусаагүй, шийдэлд хүрээгүй байтал судалгааны төвтэй хаяа дэрлээд хаус хотхон хэд хэдээрээ сүндэрлэчихлээ. Цаашид улам өргөжих нь тэн тэнгээр татсан хашаануудаас харагдана.
Сүүлийн 10 гаруй жилд одон орны судалгаа хийж буй Б.Мөнх-Чингис хэмээх залуу Хүрэл тогоот дахь ажиглалт, судалгааны төв хэвийн ажиллах боломжгүйд хүрсэн талаар саяхан нэгэн хэвлэлд ярьсан байна билээ. Хачиргүй үнэн гэвэл ийм л буй. Дархан цаазат газрын онцгой бүсэд хаус хотхон босгочихоод, түүнийгээ хээвнэг сурталчилж суугаа хүмүүсийн эсрэг манай судлаач, эрдэмтэд дорвитой дуугарахгүй байгаа нь ч учир шалтгаантай болов уу. Энэ бүхнээс зураглахад одон орон судлах төв тун удалгүй хаалгаа барьж болзошгүй нь. Хүрэлтогоотын ам ч тансаг зэрэглэлийн гэгдэх хотхон, хорооллын оршин суугчдын мэдлийн газар болох нь бололтой. “Скай резорт” цанын баазаас одон орон судлах төв хүртэлх хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр 2.5 км авто зам тавина гээд өчнөөн жил болж байхад барилгын компаниуд тэрбум, тэрбумын үнэтэй таун хаус “үйлдвэрлэн” нийлүүлсээр байна. Төр, хувийн хэвшлийн аливаа ажил ашигтай, ашиггүйгээс хамааран ямархуу байдлаар урагшилдгийн тод жишээг ч эндээс харж болохоор санагдсаныг нуух юун.