Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд тэгш бус байдал гаарсан талаар манайхан бишгүй ярьж, шүүмжилдэг. Гэвч цаад утга агуулга, системийн гажуудал нь яг юундаа байгааг өнгөцхөн дүгнэсэн хэвээр л. Ихэвчлэн эцэг, эхчүүд үүнийг улс, хувийн сургуулийн байр, анги танхимын хүрэлцээ, ном, сурах бичгийн хангамж, сургалтын орчин, хөтөлбөр, төлбөрийн ялгаатай байдал, хүүхдийн тоо, боловсон хүчний чадавх зэрэгтэй холбон тайлбарладаг. Эдгээр нь үндэслэлгүй биш ч өдгөө улсын сургуульд суралцаж буй 781 мянган хүүхэд бүгд мэдлэг, боловсрол огт эзэмшиж чадахгүй байна гэсэн шалтаг болохгүйг эхлээд хэлэх нь зүйтэй болов уу.
УЛСЫН СУРГУУЛЬД ЯДУУ АРДЫН ХҮҮХДҮҮД ЯВДАГ ГЭХ ЯВЦУУ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ
Боловсролын тэгш бус байдлын талаарх нэг биш ойлголт нь сүүлийн үед нийтийн дунд төрийн өмчийн сургуулиудад юу ч заадаггүй, “сөнөчихсөн”. Харин эсрэгээрээ хувийнхад сурч буй баячуудын хүүхдүүд л их “юм” мэдэж боловсроод, тэтгэлгээр гадаад руу явчихдаг гэсэн хэвшмэл ойлголт, үзэн ядах хандлагыг нийгэмд буй болгоод байгаа юм. Үүнээс болоод ерөнхий боловсролын сургуулиудын, ялангуяа дунд, ахлах ангийнхан өөрсдийгөө “ядуу ардын” хүүхэд гэж голох, сурах хүсэл сонирхолгүй болох, үе тэнгийнхэндээ ялгаварлан гадуурхагдах зэрэг дарамтад хүртэл өртөх болсноо хэлж байна. Тэгэхэд эцэг, эхчүүд нь энэ талаар ч мэддэггүй, хувийн сургуулиудыг үзэн ядаж, төрийн өмчөө “баалж ноолсон” хэвээр байж болохгүй. Улс орныхоо нөхцөл, бололцоонд тааруулж хандлагаа өөрчлөх, түүнийг давсан боломжийг буй болгохын төлөө хичээх хэрэгтэйг цаг үе биднээс шаардаж байна шүү дээ.
Боловсролын тэгш бус байдал олон шалтгаанаар арилахгүй байгаа, түүнийг цэгцлэхэд ч хугацаа маш их орно гэдгийг салбарын мэргэжилтнүүд нь хэдийн хүлээн зөвшөөрчихсөн. Нөхцөл байдал нэгэнт ийм болоод удсаных, цаашид яавал хүүхдүүддээ шат шатны мэдлэг, боловсролыг тэгш хүртээх вэ, эцэг, эхчүүд, багш, сурагчид үүнд хэрхэн анхаарч, хамтран ажиллах вэ гэдгээ нийгмээрээ бодолцож, ойлголцох цаг болжээ. Нийтээрээ маргаж мэтгээд, хардаж хатгаад өнгөрсөн хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй, тэгш бус байдал улам л хавтгайрч, хүүхдүүд ч хохирч гүйцлээ.
ОЛИМПИАДЫН УРАЛДААН, СОНГОНЫ АНГИУДЫН ӨРСӨЛДӨӨН ТЭГШ СУРГАЛТЫГ ХААЖ БАЙНА
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлыг үнэлэх аргачлал, үр дүнгийн үзүүлэлт, түүгээр гүйцэтгэлийн цалин, урамшуулал олгодог систем нь тэгш бус байдлыг өөгшүүлэх бас нэг шалтгаан гэдгийг бид төдийлөн мэддэггүй. Учир нь багш нар элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д сурагчдаа өндөр оноо авхуулах, дүүрэг, улсын чанартай төрөл бүрийн олимпиадад амжилт гаргасныхаа төлөө “алга ташуулдаг”, урамшуулал хүртдэг учраас “сайн” сурагчдаа анги, сургуулиасаа шилж сонгон, бэлддэг муу жишиг тогтсон. Хэдхэн хоногийн өмнө, Говь-Алтай аймгийн ИТХ элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан сурагчид, багш нар, сургуулийн захиргаа мөн сумын Засаг дарга нарыг хүртэл 1-7 сая төгрөгөөр шагнадаг болсон тухай мэдээлэл тарж, олонд шүүмжлүүлсэн дээ. Энэ бол нэг л жишээ. Орон нутаг төдийгүй нийслэлийн сургуулиуд ч ЭЕШ-д 700-800 оноо авсан сурагчдыг, бэлдүүлсэн багш нарыг нь шагнадаг үзэгдэл хавтгайрсан юм билээ. Түүгээрээ сургуулиа сурталчилж, бусадтайгаа өрсөлддөг аж.
Багш, удирдлагууд, эцэг, эхчүүд ч үүнийг байдаг л үзэгдэл мэтээр хүлээн зөвшөөрчихсөн. Гэтэл энэ бүхний цаана өнөөх ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн тэргүүн лоозон болох “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” зорилго уланд гишгэгдэж, бүр мөсөн орхигддог. Яг үнэндээ зарим багш хоцрогдолтой хүүхдүүдээ “хөсөр хаядаг”, дундаж түвшний, өсөж дэвших боломжтой сурагчидтай ажилладаггүй, олимпиад, анги дэвших, элсэлтийн шалгалтад ач холбогдол өгөх хандлагатай болсон гэх. Монголын боловсролын чанар, тэгш бус сургалтын энэ мэт “хар гай” олон улсын PISA үнэлгээгээр өлхөн илчлэгдсэнийг нийтээр мэдэж буй тул дэлгэрүүлэх нь илүүц биз. Үүн дээр нэмээд улсын сургуулийн сонгоны ангиудын сургалтыг дурдаж болно. Хими, физик, математик, англи хэл зэрэг нарийн мэргэжлийн хичээлээр сонгон судлуулдаг ийм ангиудын элсэлт ч учир дутагдалтайг эцэг, эхчүүд шүүмжилдэг. Эл ангид сурагчдыг элсүүлэх гол шалгуур нь нөгөөх л шалгалт, түүнээсээ хүүхдүүдийг“сорчилж” сонгоно. Хүүхдүүдийг “муу” байсан ч хүсэл сонирхлынхоо дагуу мэдлэг, боловсролоо гүнзгийрүүлэн судлах боломжийг эдгээр сонгон суралцах ангиуд хаадаг аж. Нэг, хоёроор нь бус, нийтээр нь чанартайхан зааж сургадаг сан бол монгол хүүхдүүд хаана ч мэдлэг, боловсрол эзэмших оюуны өндөр чадвартай нь олон судалгаагаар батлагдсан байдаг билээ. Түүнээс улсын сургууль болгон муу гээгүй, энд сайн боловсрол эзэмших боломжтойг батлахын төлөө систем нь зөв “ажилладаг” байх хэрэгтэй юм.
ХУВИЙН СУРГУУЛИУДЫГ “ХАВЧСАНААР” УЛСЫНХАД ХӨГЖИЛ ДЭВШИЛ ИРЭХ ҮҮ
Өнөө цагт боловсролын тэгш бус байдлын хамгийн том шалтгаан гэгддэг хувийн сургуулиудыг хавчин боож, хяхан гадуурхсанаар улсынхад хөгжил дэвшил ирэх үү. Тэгдэг бол төрийн өмчийн сургуулиуд ёстой л “дэлхийд гарахаар” болох байв. Харамсалтай нь, олонхын муулж өөлөөд байдаг хувийн статустай олон улсын сургуулиуд эсрэгээрээ сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, стандарт, орчин, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга барилаараа улсынхыг хэдийн хол хаясан нь үнэн. Тиймээс улсын сургуулийнхан харин ч сургалтын сүүлийн үеийн хөтөлбөр, төлөвлөгөө, аргаас нь суралцаж, туршлагаа харилцан солилцож, хамтдаа хөгжих хэрэгтэй байх. Тэд төрийнхний хэрэгжүүлж чадахгүй байгаа олон улсын хөтөлбөр, стандартыг нэвтрүүлээд, түмний хүүхдийг сургаад, ачаалал үүрэлцээд явж буйтай маргах аргагүй. Нөгөө талаар боловсролыг өмчлөх, эсрэгээрээ үнэгүй байлгах зэрэг нь өнөө цагт социализм гэдгийг мэддэг хүн олон болоосой. Өрсөлдөөн буй газар чанар, стандарт сайжирч, үнэ буурч, эрэлт, нийлүүлэлт тэнцвэрждэг зарчимтай.
“ЗҮГЛҮҮЛЭЭД, ЗУГТДАГ ААВ, ЭЭЖИЙН ХҮҮХДҮҮД СУРЛАГЫН ХОЦРОГДОЛТОЙ БАЙХ НЬ ЭНҮҮХЭНД”
Хүүхдийнхээ сурч боловсрохыг, хүсэл сонирхлыг нь, хүмүүжил аашийг нь, авьяас чадварыг нь гээд бүгдийг сургуульд, багш нарт даатгачихдаг хэнэггүй эцэг, эх, асран хамгаалагч олон байдаг аж. Энэ талаар багш нар ч дуу нэгтэй шүүмжилдэг. Хүүхэд нь хэддүгээр ангид сурдаг, ямар хичээлд сонирхолтой, анги танхимдаа юу идэж, уудгийг нь ч мэддэггүй, сургууль руу нь зүглүүлсэн болоод зугтдаг нь цөөнгүй гэнэ. Тийм байж багш нарт өндөр шалгуур тавьдаг, миний хүүхдийг сайн сургасангүй, зааж зааварласангүй гэж загнах нь ил цагаан болж.
Багш нарын хэлснээр хүүхдэд боловсрол олгоно гэдэг дан ганц сургуулийн үүрэг биш, бид зөвхөн чиглүүлэх л үүрэгтэй. Харин эцэг, эх, сурагчид хамтран ажиллаж, хичээн суралцах үүрэгтэй гэсэн юм. Тиймдээ ч Боловсролын сайдын тушаалаар багш, сурагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамтран ажиллах гуравласан гэрээг жил бүрийн намар байгуулдаг юм байна. Энэхүү гэрээний зорилго нь хүүхдэд үзүүлэх хөгжил, төлөвшил, хамгааллын үйлчилгээг сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, суралцагчийн сургалтын чанарыг ахиулах зэрэг үйл ажиллагаанд талуудын тэгш оролцоог ханган ажиллахад оршдог аж. Өөрөөр хэлбэл, эцэг, эх, асран хамгаалагч нарын дэмжлэг туслалцаа, анхаарал халамж сурагчдын сурлагын амжилтад эерэг өөрчлөлт авчирдаг бөгөөд нийтээр үүргээ ийн ухамсарладаг болчихвол боловсролын чанар багахан ч гэсэн ахих гэнэ.