Манай улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон буюу 651 мянга гаруй жуулчин хүлээн авч, “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбараас төвлөрүүлсэн орлогын хэмжээ анх удаа тэрбум ам.доллароос давсан. Цар тахлын улмаас хямарч, уналтад орсон аялал жуулчлалыг сэргээхийн тулд Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хууль, эрх зүйн орчноо шинэчлэхээс эхлээд агаарын тээврийг либералчлах, бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, олон улс руу чиглэсэн маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, улс нийтээрээ хөдөлсөн тул дээрх үзүүлэлтүүдийг “Ковид-19”-ийн өмнөх түвшнээс давуулж чадсан юм.
Харин өнөө жил энэ амжилтаа ахиулан жуулчдын тоог нэг саяд, тус салбараас төвлөрүүлэх орлогыг 1.2-1.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад буй. Түүнчлэн 2025 он гэхэд гурван сая хүртэлх тооны аялагч хүлээн авч, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох өөдрөг бөгөөд том зорилт дэвшүүлсэн. Гэвч энэ нь тийм амар биелчих зүйл биш. Хөтөлбөр, төлөвлөгөөнд зорилт болгож тусгасан тоог бодитоор биежүүлнэ гэдэг мэдээж амаргүй. Үүний тулд тууштай, идэвхтэй бодлого хэрэгжүүлэх, хөгжилд чөдөр тушаа болдог суурь асуудлуудтайгаа тулж ажиллах шаардлагатай. 2024 оны эхний долоон сард Монголд 320 орчим мянган жуулчин ирсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад чамлалттай тоo. Нэг сая жуулчин хүлээж авах зорилтоо энэ үед 31.4 хувиар биелүүлсэн гэсэн үг. Мэдээж аялал жуулчлалын идэвхтэй улирал үргэлжилж буй учраас эл тоо гуравдугаар улирлын эцэс хүртэл тодорхой хэмжээгээр дээшлэх нь гарцаагүй. Гэхдээ аялал жуулчлалын идэвх сулардаг түүнээс цааших хугацаанд төдийлөн өөрчлөгдөхгүй болов уу. Тэгэхээр энэ онд хүлээж авах жуулчны тоо зорилтот түвшинд хүрэхгүй байх магадлал өндөр. Салбарын судлаач, шинжээчид ч ийм таамаг дэвшүүлж буй. Цаашлаад аялал жуулчлалынхаа зах зээлийг идэвхтэй хэвээр хадгалж чадах уу гэдэг нь ч эргэлзээ дагуулж байна.
Аялал жуулчлалын салбарт сүүлийн 20 гаруй жил бизнес эрхэлж буй хоёр ч хүнтэй ярилцахад цаашид яах бол гэсэн болгоомжлолтой байгаагаа хэллээ. Өдгөө манай улсад ирж буй жуулчдын ихэнх хувийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын аялагчид бүрдүүлж байна. Цар тахал, Орос, Украины сөргөлдөөн, олон улсын агаарын тээврийн хязгаарлалт зэрэг олон шалтгааны улмаас Монгол руу чиглэсэн европ жуулчдын урсгал сүүлийн жилүүдэд эрс татарсан. Харин хөрш зэргэлдээ, нэг бүс нутгийн, тээвэр ложистик, визийн харилцан таатай нөхцөл бүхий орнууд энэ сул орон зайг нөхөх болсон. Дээрх орнуудаас Монголд ирж буй иргэдийн 60-70 хувийг группээр буюу бүлгээрээ аялдаг жуулчид эзэлж байгаа. Гэвч тэдэнд зориулсан тусгай бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаггүй, тав тух, аюулгүй байдлыг нь хангаж чаддаггүй зэргээс үүдэн олон бэрхшээл тулгарч байгааг бизнес эрхлэгчид хэллээ. Түүхээ сөхөөд харвал, 1993, 2000-аад оны үед япон, солонгосчууд манайд олноороо аялдаг, одоогийнх шиг нийт жуулчдын дунд жин дардаг байж. Харин тэдэн рүү чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж чадаагүйн улмаас энэ урсгалыг удаан хадгалж чадаагүйг “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр хэлсэн. Одоо үед ч энэ байдал дахин давтагдаж болзошгүйг тэрбээр дурдсан юм.
Манай улс өмнө нь 2003 оныг “Монголд зочлох жил” болгож зарлаж байсан түүхтэй. Дэд бүтцийн сайд Д.Жигжидээр ахлуулсан, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог тухайн үед Засгийн газрын шийдвэрээр байгуулж, хөтөлбөр, төлөвлөгөө хүртэл баталсан. Өнөө цагт яригдаж буй агаарын тээврийн либералчлал, нислэгийн хүртээмж, үйлчилгээний чанар, стандарт, жуулчны тав тух, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд тэр үед ч хөндөгдөж байв. Энэ чиглэлээр олон ажил хийхээр зорьж байсан ч өмнөд хөршид SARS дэгдсэнээр бүх төлөвлөгөө нь замхарсан. Ингээд 2004 оныг дахин “Монголыг нээх жил” болгон зарлаж, бас баахан хөтөлбөр, төлөвлөгөө баталсан. Тухайн үед Монголыг халдварын тархалтгүй, аюулгүй бүс гэдэг өнцгөөс олон улсад сурталчлан таниулах нь чухал байсан тул энэ чиглэлийн маркетинг, сурталчилгаанд хөрөнгө, хүчээ харамгүй зарцуулж байж. Ямар сайндаа л салбарын бизнес эрхлэгчид нь 2003 оны “Монголд зочлох жил”, 2004 оны “Монголыг нээх жил”-ээс “Welcome to Mongolia” хэмээх дуу, хоёр баримтат кино, зохиомжит шторкууд л үлдсэн, аялал жуулчлалынхнаа бодитоор дэмжих бус, урлаг соёлынхныг тэтгээд дууссан хэмээн шүүмжилдэг. Үүнээс 20 гаруй жилийн дараа хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилга ч зарим талаараа энэ алдааг давтаж байгаа нь “Ийм байдлаар хэр хол явах бол” гэсэн эргэлзээг улам лавшруулах болов.
Дэлхийн улс орнууд цар тахлын дараа хэвийн байдалдаа эргэн орохын тулд визийн нөхцөл, хорио цээрийн дэглэмээ сулруулах, аюулгүй бүс гэдгээ олон улсад тодотгоход гол анхаарлаа хандуулж байв. Энэ үүднээсээ олон улс руу чиглэсэн маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэхэд ч гойд анхаарч байсан юм. Манай улс ч энэ жишгээс ч хазайгаагүй. “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд одоо ч Монгол орон, монголчуудын аж байдал, түүх, соёл, уламжлал, нийгмийн онцлогийг дэлхий нийтэд аялал жуулчлалын талаас нь таниулан сурталчлах арга хэмжээнүүдийг бүх түвшинд зохион байгуулсаар байна. Шил шилээ даран болж буй “томчууд”-ын төрийн айлчлал ч Монголыг олон улсад өөрөөр нээж, харуулж, анхаарлын төвд оруулж байх шиг. Гэвч энэ бүхний нөлөөллөөр Монголд татагдан ирсэн гадаадын иргэд, аялагчид хулгай, хүчирхийлэл, осолд өртөхөөс эхлээд олон эрсдэлтэй нүүр тулж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирон, сэтгэл дундуур буцсаар байна.
2024 он гарснаас хойш 112 жуулчин хохирсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Сар болгон дунджаар 14 жуулчин ямар нэг байдлаар хохирсон гэсэн үг. Хэлний бэрхшээлээс болоод бусдад ойлгуулж, илчилж чадаагүй, хууль хяналтын байгууллагад бүртгүүлээгүй хохирогч үүний цаана хэд байгааг таашгүй. Түүнчлэн жуулчид тээвэрлэж явсан “Фургон” говьд осолдсон хэрэг саяхан гарч. Энэ нь сүүлийн хоёр жилд жуулчдын машин “унасан” дөрөв дэх тохиолдол гэнэ. Улсын их дэлгүүр, Д.Сүхбаатарын талбай, “Чингис хаан” үндэсний музей, Зайсан толгой, Гандантэгчэнлин хийд, “Нарантуул” зах зэрэг маршрутаар явж, Улаанбаатар хоттой танилцсан жуулчдын дунд халаасны хулгайн хохирогч болсон хүн цөөнгүй. Солонгосын хэд хэдэн инфлүүнсер энэ талаар лог хийж, олон нийтэд сэрэмжлүүлээд буй. Хамгийн сүүлд нэгэн хятад бүсгүй Монголд аялж байхдаа хүчирхийлүүлж, дээрэмдүүлсэн талаараа мэдээлсэн нь цахим орчинд ойрын өдрүүдэд гол сэдэв болоод байна. Хөтөч, орчуулагчгүй явсан эмэгтэй цагдаагийнхантай ойлголцох гэж хугацаа алдсан, Монгол дахь хүний эрхийн байгууллагуудад хандаад ч дорвитой хариу авч чадаагүйгээ хэлжээ. Жуулчдад тохиолдсон саар явдлыг ийм байдлаар дурдвал өчнөөн. Энэ бүхэн аялагчдын урсгал, сонголтыг нөгөө тийш эргүүлж мэдэх хангалттай хүчтэй “зэвсэг” юм. Үүнд нийгмийн сүлжээ үнэтэй “хувь нэмэр” оруулна.
Манай улс аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмж тааруу орны тоонд ордог. Үүнийгээ нүүдлийн болон суурин соёл иргэншлийн зааг дээрх шилжилтийн үйл явц, зэрлэг байгаль дээрх “ориг” амьдралын нэг хэсэг гэх эерэг имижээр хаацайлж, хамгаалж ирсэн юм. Хүн хаана байна, тэнд асуудал байдаг, бизнес эрхэлж буй тохиолдолд бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой сайн, саар сэтгэгдэл зэрэгцэн оршдог гэх нийтлэг ойлголтоор жуулчид бидний энэ сул талыг ойлгож, харж үзэж болно. Ойлгосоор ч ирсэн. Харин тэд эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйгээрээ ямар нэг байдлаар хохирохоос үргэлж болгоомжилно. Ийм явдал удаа дараа гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй, зөвтгөх боломж ч олгохгүй. Жуулчдад юу чухал вэ. Аюулгүй байдал хамгаас чухал. Аялагчид тав тухаа хойш тавьж болох ч амь, амьдралаар хэмжигддэг аюулгүй байдлаа хойш тавихгүй. Тиймээс манай улс юуны түрүүнд жуулчдад аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Нэг сайн сурталчилгаагаар 10 жуулчин татахаас илүү хоёр аялагчийг сэтгэл хангалуун буцаах нь илүү үнэ цэнтэй. Сэтгэл хангалуун буцсан нэг жуулчны замаар 3-5 аялагч ирдэг гэсэн бичигдээгүй теором энэ салбарт дэг. Тэгэхээр яг өнөөдрийн бодит нөхцөл байдлаа үнэлбэл, бид тэнгэрийн гэмээр зүйлс ярьж, сурталчлахаас илүү газар дээрх асуудлуудаа шийдэхэд анхаарч, наанадаж жуулчид хаана ч аюулгүй зорчдог орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж “Монголд зочлох жил”-ийг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлж, үүний хүрээнд дэвшүүлсэн зорилтдоо хүрч чадна. Дэлхий дахинд хамгийн олон, чинээлэг жуулчидтай гэгдэж буй орнуудыг аялал жуулчлалынхаа гол бай болгосных тухайн улсын аялагчид зонхилж буй өнөөгийн зах зээлээ хадгалах нь чухал. Үүний тулд цар тахлын дараа эхлүүлсэн “Монголд зочлох жил”-ийн ажлуудаа тууштай үргэлжлүүлж, бодлого, үйл ажиллагаагаа алдагдуулахгүй байх ёстой юм.