Аймаг, сумуудад хөшөө нэртэй “цементэн овоолго” босгож, зуу зуун саяар угтах, үдэх хаалга барихын оронд номын сангуудаа өргөжүүлж, сан хөмрөгийг нь баяжуулдаг жишиг тогтооё. Тэгэхгүй бол номын сангууд мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээгээ үзүүлэх, уншигчдын эрэлт хэрэгцээг хангах үндсэн үүргээ биелүүлж чадахгүй, үйлчлүүлэгчдийнхээ хөлд чирэгдэж гүйцэх нь. Хэдэн номын санч нь сан хөмрөгөө баяжуулахын тулд элдэв аян, төсөл санаачилж, зохиолч, хэвлэн нийтлэгчдээс хандив, тусламж гуйсаар нэр нүүрээ барж дуусах шинжтэй. Хэтдээ номын сангийн үнэ цэн, ач холбогдол буурч, тэр хэрээр ном хэвлэл шимтэн уншигчдын сонголт, цар хүрээ ч хумигдах эрсдэл нүүрлэж болзошгүй нь.
Улс болон орон нутгаас санхүүждэг төрийн өмчийн, нийтийн номын сангийн сан хөмрөгийг зургаан аргаар бүрдүүлнэ гэж Номын сангийн тухай хуульд заасан байдаг. Тодруулбал, худалдан авах, нөхөн бүрдүүлэх, солилцох, хандив, тусламж зохион байгуулах, өв залгамжлах, заавал авах хувь хэлбэрээр фондоо бүрдүүлэх зохицуулалттай. Үүнээс заавал авах хувь болон худалдан авах хэмээх хоёр хэлбэрийн бүрдүүлэлтийг нь улс, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх заалттай. Номын сангууд тухайн жилд авах шаардлагатай бүтээлээр сан хөмрөгөө баяжуулахдаа төсвөөс мөнгө зарцуулах хуультай. Мөн оюуны бүтээлийн архив, үндэсний хэмжээний ном хэвлэлийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор улс, орон нутгийн төсвөөр захиалан хэвлүүлсэн бүтээлийг нийтийн хүртээл болсноос нь 30 хоногийн дотор тодорхой тоогоор зайлшгүй авах эрхтэй байдаг. Гэвч бодит байдалд төр хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлэхдээ хойргошиж, хойш суун, номын сангийн фондыг шинэчлэх, сэлбэж баяжуулах, уншигчдын оюуны хэрэгцээг хангах ажилд гар татсаар байна. Үүний үр дүнд иргэдийн хамгийн чухал хэрэгцээг хангадаг соёлын байгууллага нь хандив, тусламжаар гол зогоодог, сонголтгүй, хуучны голдуу ном товхимол уншигчдад санал болгодог хамгийн хоцрогдмол, үнэ хүндгүй газар болоод хувирчихлаа.
Сумын номын сангийн ном худалдан авах жилийн дундаж төсөв нь 70 мянган төгрөг байдаг гэвэл та итгэх үү. Итгэхэд бэрх ч энэ бол бодит баримт юм. Орон нутгаас санхүүждэг төрийн өмчийн номын сангууд ийм хэмжээний мөнгөөр сан хөмрөгөө баяжуулж иржээ. Хоёр жилийн өмнө ийм байсан, одоо ч төдийлөн өөрчлөгдөөгүйг номын санч нар хэллээ. Заримд нь 50-60 мянган төгрөг ногддог гэнэ. 50-70 мянган төгрөгөөр хэдэн ном худалдан авах боломжтой, уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг хангахуйц чанартай, сайн бүтээлүүдийг авахад энэ мөнгө хүрэлцэх үү гээд бодохоор л гомдох, чамлах зэрэгцэнэ. Тиймээс л номын сангийн ажилтнууд сайн үйлсийн аян, төсөл хэрэгжүүлэх нэрээр зохиолч, хэвлэн нийтлэгчдийг царайчилж, зохиол бүтээлээсээ хандивлахыг гуйдаг аж.
Баруун аймгийн нэгэн номын сангийн мэргэжилтэн “Тухайн жилд худалдан авахад шаардлагатай бүтээлүүдийн жагсаалтыг номын сангуудаас гаргуулж, түүнд нь тохируулан төсөв хуваарилдаг байвал зүйтэй санагддаг. Одоо бол сайн 2-3 ном ч авч хүрэлцэхгүй багахан мөнгө өгчхөөд “Төсөвтөө багтаан худалдан авах ажиллагаа зохион байгуул” гэдэг тулган шаардах зарчим баримталж байгаа. Интернэтийн хэрэглээ өргөжиж буйтай холбоотойгоор орон нутгийн уншигчид, хүүхэд залуус хаанахын хэвлэлийн газар, хэн гэдэг зохиолч ямар ном хэвлүүлсэн, юу орчуулсныг хотынхноос дутахгүй мэддэг болсон. Гэвч номын сангууд нь тэр болгоныг уншигчдадаа цаг алдалгүй хүргэж, санал болгож чадахгүй байна. Манай номын сангаар дунд ангийн сурагчид голдуу үйлчлүүлдэг. Тэд Монголдоо гайгүйд тооцогддог Д.Урианхай, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нараас эхлээд Харүки Мүраками, Франц Кафка зэрэг дэлхийн алдартай зохиолчдын бүтээлийг биднээс сураглаж, нэхэж байна. Зарим нь “Ийм ном уншмаар байна” гээд санал хүсэлт хүртэл гаргадаг. Төсөвтөө баригдаад захиас, хүсэлтийг нь биелүүлж чадахгүй нь олон” хэмээн ярьсан юм. Харин орон нутгийн иргэд хайсан номоо номын сангаас олж авах нь өдрийн од шиг ховор тохиол гэдгийг дурдлаа. Сурагчдын хувьд олон хүний гар дамжсанаас элэгдэж муудсан хуучны номууд голдуу байдаг, номын сан нь тогтмол ажилладаггүй гэсэн нийтлэг шүүмжлэлийг хэлэв.
Бүх номын сан ийм зүдрүү санхүүжилт, ядруу сан хөмрөгтэй байдаг уу гэвэл тийм биш аж. Улсаас санхүүждэг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сангууд орон нутгийнхтай харьцуулахад 1-2 оронтой тоогоор илүү хэмжээний санхүүжилт авдаг. Харин Үндэсний номын сан зэрэг “акул”-ууд нь нэг удаадаа л 20-30 сая төгрөгт хэдэн зуун ширхэг ном бөөндчихдөг юм байна. Жишээ нь, тус номын сан 2023 онд улсын төсвийн 27.9 сая төгрөгөөр 1460 ширхэг ном худалдан авах нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны сэдэвт ном тус бүр 300, утга, уран зохиол, хэл шинжлэлийнх 360, хүүхдэд зориулсан, бусад төрөлд хамаарах бүтээл 500 ширхгийг авахаар хэвлэлийн газар, дистрибютр байгууллагуудад “ханджээ”. Түүнчлэн тухайн оныхоо аравдугаар сард зөвхөн ном зөөж, тээвэрлэх цаасан хайрцаг худалдан авах зорилгоор мөн 45 сая төгрөгийн тендер зарласан байгаа юм. Тус байгууллага 385 сумын номын сангийн нэг жилийн төсөв (70 мянган төгрөгөөр бодов)-тэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгөөр нэг удаа сан хөмрөгөө зузаатгадаг, үүнээс 1.5 дахин өндөр өртгөөр картон цаас худалдан авдаг зэргээс хэр хэмжээний “бэл бэнчин”-тэй нь харагдана. Гэтэл Улаанбаатар хотын нийтийн төв номын сан буюу бидний нэрлэж заншсанаар Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн салбарууд ньнурж унах шахсан муу байр, давчуу зай талбайтай, ном бүтээлийн дорвитой сонголтгүй байдаг. Чингэлтэй дүүргийн салбар болох А.М.Горькийн нэрэмжит номын санд гэхэд уншигч, үйлчлүүлэгч тухтай суух орчин нөхцөл ч байдаггүй юм билээ. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр манай улс томоохон номын сангууддаа анхаараад, бусдыг нь гаргуунд гаргадагажээ. “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг нийтийн номын санг татан буулгах, хувьчлахгүй байх зарчим баримтална” хэмээх хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд л номын сангуудаа нураачихалгүй, “амьтай голтой” байлгадаг гэлтэй.
Дундговь аймгийн Төв номын сангийн ажилтан бүсгүй “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад төсөл бичиж, санаачилгаа дэмжүүлснээр номын сангаа тохижуулахад шаардлагатай зардлыг шийдүүлсэн гэнэ. Үүнийг олон нийт сайн жишиг, үлгэрлэмээр санаачилга хэмээн магтаж, нийгмийн сүлжээнд түгээж байна. Сэтгэгдлийг нь харвал “Улсаас төсөв харж, зовлон тоочиж суудаггүй хөдөлмөрч, бүтээлч хамт олон” хэмээн бахадсан өнгө аяс зонхилох аж. Эндээс бас л монголчуудын дунд нийтлэг ажиглагддаг аливааг хандив, тусламжаар аргацаах хандлага, төрийн өмнүүр орж ажлыг нь хийснээ сайн жишиг болгож гайхуулдаг байдал харагдаж буй юм. Хуулиараа бол төр номын сангийн фондыг баяжуулахад төсөв зарцуулж, иргэдийнхээ соёл, боловсролд хөрөнгө оруулах ёстой. Энэ нь нийслэл, орон нутагт ижил тэгш үйлчлэх учиртай. Аливаа ном бүтээлийг бичиж, хэвлүүлэхэд хөдөлмөр шингэдэг, зардал гардаг. Үүнийг зохихёсоор нь үнэлж, худалдаж авна гэдэг оюуны өмчийг хамгаалж, дээдэлж буй нэг хэлбэр. Тиймээс хандив, тусламж гуйх, төсөл, хөтөлбөр бичих замаар сан хөмрөгөө бүрдүүлдэг аргацаах хандлагаас татгалзаж, хууль, журмын хүрээнд шаардлага тавьж, төсөв хөрөнгө хуваарилуулдаг зөв жишигт шилжих цаг болжээ. Хөшөө цогцолбор, хаалга барих, найр наадам зохион байгуулах болохоор зовлонгүй шийддэг хөрөнгө мөнгөнийхөө багахан хувийг ч болов номын сангуудыг өргөжүүлж, сан хөмрөгийг нь баяжуулахад зарцуулдаг болъё. Номын сангийн орчин нөхцөл, үйлчилгээний чанар, хүртээмж, хадгалалт, хамгаалалт гээд хөндвөл тулгамдсан асуудал, үйлчлүүлэгчдэд гоочлуулдаг зүйл тоймгүй. Номын сан бол соёл, боловсролын үүр болсон газар. Тиймээс үйл ажиллагааг нь зөвхөн ном олгох, тохижилт, зохион байгуулалтыг нь уншлагын танхимаар хязгаарлахаа байсан. Уншигчдыг хөгжүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх соёл, боловсролын олон төрлийн үйл ажиллагааг энэ байгууллагад төвлөрүүлж, дагалдан хөгжүүлдэг болсон. Уншигчдын хөгжлийн ялгаатай байдлыг харгалзсан тохижилт, үйлчилгээний шийдэл нэвтрүүлдэг жишиг ч олон улсад түгээмэл дэлгэрч байна. Даанч манайд шинэ байр амлахаас өөрөөр номын сангуудаа дэмжихгүй, хандив, тусламж гуйлгахаас ондоогоор хөрөнгө санхүүжилтийг нь шийдэхгүй байна.